ОУВС-гийн Захирлуудын зөвлөл эцсийн шийдвэрээ гаргаж, манай улсад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болов. Ингэснээр манай төр, засгийн зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон арга хэмжээний “багц” задарлаа. Өөрөөр хэлбэл, бид боломж хийгээд эрсдэлийн аль алинтай нь “албан ёсоор” нүүр тулж эхлэв. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр чуулганы танхимаас “ОУВС манай улсад хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан санхүү, эдийн засгийн байдлыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх олон арга хэмжээ УИХ, Засгийн газарт бий. Хөтөлбөрт тусгасан бодитой алхмуудыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Ингэхдээ Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг нааштай үр дүнд хүргэх, эдийн засгийн ахиц, өөрчлөлт бий болгох чиглэлд аль аль талдаа анхаарч ажиллах ёстой. Бид өмнөх алдааг давтах учиргүй” хэмээн сануулсан.
Монголчуудад хэдийнэ эчнээ танил болоод буй уг хөтөлбөр ямар эерэг үр дүн дагуулах талаар иргэд гадарлаж байгаа биз ээ. Ээлжит сонгуулийн дараачаас сураг нь дуулдаж эхэлсэн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хоёр тал урьдчилан тохиролцсон мэдээг дагалдан бидэнд ямар боломж нээгдсэнийг санаж буй байх. Уг хөтөлбөртэй холбоотойгоор олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэх санал ирүүлсэн нь олон улсын хөрөнгө оруулагчдад таатай мэдээ болсон. Улмаар УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоо мэдэгдсэн. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн асуудлууд нааштайгаар шийдэгдсэн. Энэ бүхнээс улбаалж, эдийн засгийн дотоод үзүүлэлтүүд ч эрс сайжирсныг эдийн засаг өмнөх оны 4.2 хувиар өссөн, 2012 оноос хойш тасалдаж ирсэн орлого анх удаа 504 тэрбум төгрөгөөр давж биелсэн, алдагдалтай байсан гадаад худалдаа 1.6 тэрбум ам.долларын ашигтай гарсан, гадаад валютын нөөц нэмэгдсэн зэргээс харж болно.
Үүний хүрээнд эрх баригчид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлын “төлөвлөгөөгөө” баталж, УИХ баталсан. Ингэхдээ жирийн иргэдийн нуруунд аль болох ачаалал үүрүүлэхгүй байх зарчмын шийдэлд хүрч, баталгаажуулсан. Харин одоо энэ бүхнийг хэрэгжүүлэх л үлдлээ. Ингэхдээ УИХ-ын дарга бөгөөд эрх баригч намын даргын анхааруулсанчлан бодитой, хурдтай, ахицтай, алдаагүй ажиллах ёстой. Өдгөө хэтийдсэн хэл амны бай болж, бидний алдагдсан боломж хэмээн харамсаж суугаа “Чингис” бондыг босгосны дараахан Төрийн тэргүүн яг л үүнийг анхааруулж байсан. Энэ их хэмжээний хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг чухалчлахыг зориуд анхааруулж байсан нь талаар болсон билээ.
Харин одоо бидэнд алдах эрх үгүй. Ирэхээсээ авахуулаад эерэг үр дүн дагуулж буй уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, эсэхээс эдийн засгийн цаашдын төлөв байдал, ирээдүйн хөгжил шалтгаална. Эдийн засгийн хүнд үе нь дуусаагүй, шийдвэрлэх олон алхмын өмнөх босгон дээр бид ирээд байна. Засаг, төр солигдох үеийн итгэл буурсан, ээдрээтэй үе ард хоцорч буй энэ боломжийг одоо л ашиглах ёстой. Одоо бид улсаараа, парламент бүтнээрээ, Засгийн газар танхимаараа, төр, түмэн гэлтгүй бүгд зорилгоо ухамсарлан нэг баг болж зүтгэх ёстой, бас үүрэгтэй.
Б.ОРГИЛ