“ШИНЭ ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН 83 КМ ЗАМЫГ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД БАРЬЖ БАЙГУУЛНА

“ШИНЭ ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН 83 КМ ЗАМЫГ НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД БАРЬЖ БАЙГУУЛНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 17-нд Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрөл болон шинээр барьж байгуулах зам, замын байгууламжийн чиг (трасс)-ийн төлөвлөлттэй танилцсан. Тус арга хэмжээний дүнг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд  хэлэлцүүлж дараах шийдвэрийг гаргалаа.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинэ тойрог зам” төслийн Туул голын эрэг дагуух авто зам, замын байгууламж болон тус авто замыг Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх буудлын хурдны авто замтай холбох автозам, замын байгууламжийг нэг жилийн дотор барьж байгуулахаар зохион байгуулж, зохих арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод, “Шинэ тойрог зам” төслийн хойд хэсгийг мөн хугацаанд барьж байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт тус тус даалгалаа.

“Шинэ тойрог зам”-ын нийт урт 83 км байна. Урд хэсгийн авто зам нь 31 км, Баянзүрхийн товчоо орчмоос эхэлж Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, баруун аймаг салдаг тойрог уулзвар хүрнэ. Хойд хэсгийн авто зам нь 52 км, Улаанбаатар-Дархан чиглэлийн замаас Орбит-Найрамдал чиглэлд салах уулзвар, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Цагаандаваа, Улиастайн авто замыг дайран Баянзүрхийн гүүр хүрэх юм.
Мөн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг ирэх оны есдүгээр сараас өмнө бүрэн хийж дуусгаж, нийтийн тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш арваас дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болгов.
“Богдхан төмөр зам” төслийг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр хариуцуулан гүйцэтгүүлэх, тус төмөр замын шугамыг ОХУ-тай эцэслэн тохирох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, зохих арга хэмжээ авах, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахтай холбогдуулан боловсруулж байгаа хууль, тогтоомжийн төслийг холбогдох талуудад танилцуулах уулзалтыг ирэх оны нэгдүгээр сарын эхний хагаст багтаан зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгав.