ГЕГ: Улсын хилээр 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй
Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал: хоёр талын бүртгэлийн аргачлал, гаалийн хууль, журам, горимын онцлогоос хамаарч нүүрс төдийгүй бусад бараа бүтээгдэхүүн ч тэр болгон тохирохгүй, аль аль талдаа зөрүү гарах тохиолдол байдаг. Мэдээлэлд дурдсанаар, 2010-2011 онд улсын хилээр 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй гаргасан байж болзошгүй байгаа юм. Мөн:
- 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2,527 тээврийн хэрэгсэл 17,149 удаа улсын хилээр хоосон гарсан,
- Тавантолгой ХК-аас экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний хэмжээ тус компанитай байгуулсан 21 аж ахуйн нэгжийн худалдах, худалдан авах гэрээнд заасан хэмжээнээс 1.0 сая тонноор илүү гарсан, 1
- 2 аж ахуйн нэгж эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон зэрэг асуудлууд тогтоогдсон.
2018-2022 оны дөрөвдүгээр сарыг дуусталх хугацааг хамруулсан шалгалтаар мөн 1748 тээврийн хэрэгслээр 186.4 мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна.
Эдгээр асуудлыг шалгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд өгсний зэрэгцээ Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо, Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг, Авлигатай тэмцэх газарт шилжүүлж, нягтлан шалгах, эцэслэн тогтоохоор Гаалийн Ерөнхий газраас өнгөрсөн оноос эхлэн мэдээллийг өгөөд хамтран ажиллаж байна.