Өнгөрсөн амралтын өдөр орсон ганц шөнийн цасны дараа 107 бодис, 31 тонн давсыг Улаанбаатар хотын авто зам дээр цацсан гэх мэдээлэл байна. Гэвч энэ бүхний дараа авто замын халтиргаа гулгаа арилсан юм алга.
Өмнөх өдрүүдэд мөн л давс, бодис цацсан. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж цас орох бүрт бодис цацаж байгаа хэмээн Улаанбаатар хотын захирагчийн албанаас мэдээлэл болгон өгч байгаа. Гэвч үр дүн нь гөлийсөн, гулгаа үүссэн, мөстсөн зам болж хувираад байна. Иймээс энэ бүхний цаад учир юунд байна вэ гэдгийг бодох ёстой.
Давс, бодис, элс зэргийг авто замын цасыг хайлуулах гэж хэрэглэдэг. Улаанбаатарт 2010 оноос хойш авто зам дээр элс асгахаа больсон. Учир нь элс нь замын цасыг хайлуулахад нөлөө үзүүлдэг ч эргээд хөлдөх нь амархан гэсэн дүгнэлт гарч байжээ.
Харин одоо давс, болон бодис асгаж байна. Нэг км авто замын цасыг хайлуулахад 300 грамм бодис ордог. Харин хэрэв давс цацсан нөхцөлд 1 кг давс ордог байна. Эдгээр нь мөн цацсан даруйдаа авто замын цасыг хайлуулах боловч бүрэн арилгаж дөнгөдөггүй ээ. Үлдсэн цасны хайлмаг нь хөлдөж гулгаа үүсгэх нь элбэг байна. Энэ нь Монгол орны цаг уурын нөхцөл байдалтай шууд холбоотой юм. Тодруулах юм бол Улаанбаатар хотын өвлийн шөнө дундажаар 25-аас дээш хэмийн хүйтэн байдаг. Ийм нөхцөлд ямар ч бодис, давс цацсан зам дээрх цас, хайлсан цас зэрэг нь хөлддөг байна. Ингээд маргааш өглөө нь нар гарсан ч хайлахгүй гулгаа үүсгэдэг гэдгийг жолооч нар тайлбарлаж байгаа юм. 2020 онд 30,000 орчим тонн бодис, 500 тонн давч нөөцөлж байжээ. Харин 2022 оны өвөл 30,000 гаруй мянган тонн бодис 600 орчим тонн давч бэлтгэж нөөцөлжээ. Энэ өвлийн хувьд цас ихтэй байгаа. Мөн өвлийн дундажаар илүү хүйтэн байна гэх таамаг ч байгаа. Хэдийгээр ус цаг уур орчны шинжилгээний газраас олон жилийн дундажтай ойролцоо хүйтэн байна гэж байгаа боловч хур тундас ихтэй, хүйтэн өдрүүдийн тоо олон өвөл болж байна. Энэ хэрээрээ бодис, давсны хэрэглээ нэмэгдэх янзтай.
Цас орох бүрт 100 гаруй тонн бодис гуч дөчин тонн давсыг авто замууд дээр цацаж байгаа гэж Улаанбаатар хотын удирдлага мэдэгдэж байгаа ч мэдэгдэхүйц үр дүн алга байна. Иймээс авто зам дээр бодис, давс цацаж цаг мөнгө үрж байхаа больё.
Харин үүнийхээ оронд Улаанбаатар хотын тохижилт үйлчилгээний компаниуд замын цас, мөсийг хусдаг иж бүрэн тоноглогдсон авто машинтай болох нь зөв юм. Уншигч та гадны олон кинон дээрээс цасыг орсон даруйд хусч, авто машинаар түрж буйг харсан л биз дээ. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөө багатай, авто зам дээр эргэж халтиргаа гулгаа үүсэхээс бүрэн сэргийлж чаддаг давуу талтай юм. Бодис, давс нь Монгол улсын цаг агаарын хэмд төдийлөн үр дүнтэй биш болох нь бүрэн батлагдаж байна. Цас орох бүрт давс, бодис цацаж байгаа ч хоёр гурав хоногийн дараа зам дээр илүү халтиргаа гулгаа үүсэж буй. Ялангуяа мөстсөн гөлгөр зам олон болж байна. Иймээс илүү үр дүнтэй арга болох цас ороход нь бүрэн хусч, бөөгнүүлж авдаг аргыг нэвтрүүлье ээ.