УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж нар Үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжих УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байгаа талаар мэдээлэл өгөв.
"Ковидын дараа эдийн засаг хүндэрсэн энэ үед аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг гадаадад зорчиход нь албан паспорт олгох талаар тус тогтоолын төсөлд тусгасан. Жил бүр Монгол Улсын болон орон нутгийн төсөвт оруулсан татвар, хураамж, шимтгэлийн хэмжээгээр аймаг бүрт эхний 10, нийслэлд эхний 90, улсын хэмжээнд эхний 200 байранд эрэмбэлэгдсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлагад албан гадаад паспорт олгох замаар төрөөс үйл ажиллагааг дэмжих нь зөв. Нийтдээ 500 албан паспорт олгох тухай асуудал юм.Өнөөдөр сумын тамгын газрын дарга албан паспорттой бөгөөд гадаадад зорчдог. Ямар ч хэл усгүй гайхаж байгаад хүрээд ирдэг. Тийм учраас Монголын эдийн засагт маш том хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлага гадаадад чөлөөтэй зорчиход давуу тал бий болгох зорилгоор энэ тогтоолын төслийг өргөн барьж байна хэмээн хууль санаачлагч нар тайлбарлав.