860 сая төгрөгөөр 16 сургуулийн гаднах талбайг тохижуулна

860 сая төгрөгөөр 16 сургуулийн гаднах талбайг тохижуулна

Монгол Улс жилдээ 50 хүүхэд буюу Ерөнхий боловсролын сургуулийн бүхэл бүтэн нэг ангийн сурагчдыг зам тээврийн ослын улмаас алдаж байна. 50 хүүхэд томчууд бидний хайхрамжгүй зан, хариуцлагагүй байдал, замын хөдөлгөөний дүрэм журмыг зөрчсөний улмаас хорвоогийн мөнх бусын үзүүлж, амь насаа алдаж байгаа гашуун эмгэнэлт тоо цаасан дээр статистик мэдээлэл болон зурайж байна. Үүнийг буруулахын тулд шат шатны байгууллага арга хэмжээ авч эхлээд байгаагийн нэг нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуйн тэргүүлдэг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг шат дараалалтай авч хэрэгжүүлж эхэлжээ. Чухам яагаад энэ асуудалд анхаарал хандуулах болов гэдгийг ойлгуулах үүднээс хэдэн тоо баримтыг сийрүүлье.

2014 онд 1195 зам тээврийн осолд хүүхэд өртсөн гэх статистик мэдээлэл байна. Зам тээврийн осолд 1212 хүүхэд өртсөнөөс 1164 хүүхэд хүнд болон хөнгөн гэмтсэн бол 48 хүүхэд амь насаа алджээ.

2010-2016 оны статистик мэдээллээс харахад  улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 7150 бүртгэгдэж, 7410 хүүхэд уг ослын хохирогч болсон.  Зам тээврийн ослын улмаас нийт 300 хүүхдийн амь нас хохирч, 7110 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтэж, зарим нь тахир дутуу гэсэн ангилалд багтах болжээ. Энэ сэтгэл өвтгөж, зүрх шархлуулам тоо биш гэж үү?

Замын цагдаагийн газраас гаргасан тоон баримтыг танд хүргэж байна

Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн 6 ангийн сурагчид Зам тээврийн ослын улмаас хорвоогийн мөнх бусыг хэдхэн жилийн дотор үзүүлсэн гэсэн үг. Дайнтай улс оронд ч ийм том үхэл дагуулсан тоо байдаггүй. Арабын ертөнцийн иргэний дайны улмаас тав, зургаан жилийн дотор гурав, дөрвөн зуун хүүхдийн амь нас хохирлоо гэсэн тоо баримт дуулдаагүй. Дэлхийн 2-р дайны он жилүүдэд ч Монгол улс бүү хэл дайны хөлд хамгийн их өртсөн ОХУ-д энэ хэмжээний хүүхэд нас барсан гэх гашуун мэдээлэл гараагүй гэхэд дэгстүүлсэн болохгүй болов уу.

Ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид 40-50 хүүхэд суралцдаг. Энэ тоогоор жишээ болгон авч үзэх юм бол Зам тээврийн осолд өртөж хүнд, болон хөнгөн бэртсэн хүүхдийн тоо сүүлийн 6 жилд 142 ангийн бүх сурагчид ямар нэгэн байдлаар гэмтэж, бэртсэн гэх ойлголтыг та бидэнд төрүүлэх статистикийн баримт нүдний өмнө зурайж байна.  Эдгээрийг насны байдлаар нь авч үзвэл 0-14 насны буюу ид хөгжиж, өсөн торниж буй хүүхдүүд зам тээврийн ослын улмаас хохирч байгаа нь судалгаанаас харагддаг.

2010-2016 онд жилдээ л 45-50 хүүхдийг зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаа маш харамсалтай тоог Замын цагдаагийн газраас халаглан мэдээлэлж байгаа ч харин жолооч, эцэг эхчүүд бид төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Хүүхэд хаана зам тээврийн осолд хамгийн их өртөж байна вэ? Энэ асуултад Замын цагдаагийн газрын ахлах байцаагч, Цагдаагийн хошууч Ж.Энхбат дараах тайлбарыг өглөө. Түүний хэлж байгаагаар бол Хүүхэд сургууль-гэр гэсэн замын дунд зам тээврийн осолд хамгийн их өртөж байна.  

 

2017 оны эхний 3 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд хүндэвтэр, хүнд байдлаар гэмтжээ. Судалгаанаас үзэхэд нас барсан хүүхдийн 92 хувь нь орон нутгийн замд автомашинд зорчигч хэлбэрээр явж байхдаа осолд өртөж амь насаа алдсан байна. Орон нутгийн замд хурд хэтрүүлэн явдаг. Хүүхдийг хамгаалалтын бүс зүүлгэхгүй замын хөдөлгөөнд оролцдог зэрэг дутагдал нь бага насны хүүхэд амь насаа алдах хамгийн том шалтгаан болж байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Харин зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүүхдийн 52 хувь нь нийслэлд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байдаг. Иймээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй санаачлан Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг 2016 оны сүүлээс эрчимтэй хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд 2017 он гарсаар хүүхэд зам тээврийн осолд өтөх эрсдэл 46%-иар буурсан сайн үзүүлэлт байна. Үүнийг улам бүр бататгахын тулд хүүхэд хамгийн их өртөж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн гаднах зам, талбайг осол аваар гарахаас урьдчилан сэргийлэх байдлаар тохижуулах ажлыг НИТХ-аас санхүүжүүлэн эхлүүлжээ.  НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачлагаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс Улаанбаатар хотын 16 сургуулийн орчныг хүүхдэд аюулгүй болгож тохижуулахаар 860 сая төгрөг төсөвлөжээ. Хотын төвийн ачаалал ихтэй зам дагуу байгаа ерөнхий боловсролын сургуулиудын гаднах талбайг эхний ээлжинд тохижуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж эхлээд байна. Замын цагдаагийн газраас хийсэн судалгаагаар зам тээврийн осолд сурагчид хамгийн олноор өртдөг 5, 117, 3, 17, 20, 23, 24, 37, 48, 58, 62, 67, 87,102,105,106 дугаар сургуулиудын гаднах талбайг тохижуулна. Энэ талаар Нийслэлийн Авто замын газрын мэргэжилтэн О.Энхбаатар дараах хариулалтыг өглөө.

  

Зам тээврийн осолд хүүхэд өртөх эрсдэлийг бууруулахын тулд сургуулийн орчны аюулгүй байдлын хангах нь чухал. Иймээс тохижилтын зураг төсөл, төлөвлөгөөг Нийслэлийн авто замын газраас гаргажээ. Ингэснээр сурагчид зам тээврийн осолд өртөж бэртэх, амь насаа алдах тохиолдол бодитойгоор буурч, хүүхдэд ээлтэй орчин бүрдэнэ гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.   Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс шаардлагатай төсөв хөрөнгийг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд 2017 онд сургуулийн орчимд гардаг зам тээврийн ослын хэрэг 46 хувиар буурсан таатай мэдээ байгаа юм. Сургуулийн орчим гардаг зам тээврийн ослыг 100 хувь бууруулсан туршлагатай сургууль Нийслэлд бий. Эдгээр сургуулиас үлгэр жишээ авч, бусад сургуулийн ажлыг идвэхжүүлэх үүргийн НИТХ-ын дарга Ц.Сандуй өгчээ. 2017 онд Улаанбаатар хотод 17 цэцэрлэг, 10 сургуулийг шинээр барьж ашиглалтад оруулна. Эдгээр сургуулийг эхнээс нь зам тээврийн осолд хүүхэд өртөх эрсдлийг бууруулсан тохижилттой байх чиглэлийг холбогдох газрууд барьж эхэлжээ. Энэ тухай Нийслэлийн Боловсролын газрын дэд дарга Л.Дашдэмбэрэлээс тодрууллаа.

  

НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн зүгээс Улаанбаатар хот нь Хүүхдэд ээлтэй байх чиглэлд харьяа байгууллага бүр санаачлагатай ажиллах үүргийг НИТХ-ын хуралдаан бүр дээр анхааруулж, энэ чиглэлд ажиллах үүргийг өгч байгаа юм. Үүний зэрэгцээ сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй холбоотой санхүүгийн асуудлыг НИТХ-аас шуурхай шийдвэрлэх чиглэлийг бодлого болгон ажиллаж байгаа юм байна. Үүний нэг илэрхийлэл нь 16 сургуулийн гаднах талбайг тохижуулах 860 сая төгрөг. Мөн шинээр барьж ашиглалтад оруулах 17 цэцэрлэг 10 сургуулийн барилга. Үүний зэрэгцээ 40 орчим сургуулийн зураг төслийг 2017 онд гарган бэлэн болгох үүргийг Нийслэлийн засаг дарга болон түүний харьяа байгууллагуудад НИТХ-аас чиглэл өгөн ажиллаж байгаа гэнэ.