ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясглангаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар тодрууллаа. Түүний хэлж буйгаар бол хуулийн өөрчлөлтийг бэлэн болгосон. Гагцхүү УИХ-аас гарсан зарим бодлого, тогтол шийдвэртэй холбоотойгоор түр хүлээж байгаа. Тухайлбал зарим зөвлөлдөх уулзалт, санал асуулга зэргээс шалтгаалж хуулийг хэзээ өргөн барих вэ? гэдэг шийдэгдэнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулсан бөгөөд гагцхүү нэмж өөрчлөлт орох эсэх нь цаг үеийн үйл явдлаас шалтгаална гэдэг тайлбарыг өгөв.
Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ тогтолцооны өөрчлөлтийг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Түүний хувьд МАН-ын дарга. Энэ утгаараа улс төрийн томоохон шинэчлэлийг хуулийн хүрээнд өрнүүлэх нь гэсэн хүлээлт үүсээд буй. Өмнөх бүх ерөнхий сайдаас илүү эрх мэдэлтэй ажиллаж буй ч түүнд тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй гэдэг гарц харагджээ. Иймд үндсэн хуулийн өөрчлөлтийг Засгийн газар манлайлан ажиллах нь гэсэн хүлээлт үүсээд байгаа. Учир нь Засгийн газрын тэргүүн нь МАН-ын дарга, ЗГХЭГ-ын дарга нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тул энэ хоёр эрхэм хоршиж үндсэн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог системийг бий болгох, мөн Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх, ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих зэрэг ажлыг хийнэ гэсэн хүлээлт үүсээд байна.