Нүүрс. Энэ үг эдийн засгийн хөшүүрэг, улс орны орлогын эх үүсвэр. Нүрсний борлуулалтаас 2023 онд улсын төсөвт 1,7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэсэн тооцооллыг төсвийн тухай хуульд тусгаж өгсөн. Уул уурхайн салбар ирэх онд төсөвт 4,9 их наяд төгрөг төвлөрүүлэх ёстой. Энэ нь улсын төсвийн 25% бөгөөд гол жинг нүүрснээс олох орлого эзэлж байна. Энэ дүр зураг 2011 оноос хойш явж буй.
Эрдэнэс таван толгой ХХК-ийн нүүрсний борлуулалт жил бүр өсч буй. Ирэх жил 23 сая тонн нүүрс борлуулна гэсэн өөдрөг төсөөллийг гаргаж, улсын төсөвт төвлөрүүлэх орлогоо ч өөдрөгөөр тусгасан харагдана. Энэ оны хувьд төлөвлөж байсан борлуулалтаа хийж чадаагүй. 2022 оны эхний 10 сарын байдлаар сард дундажаар 0,7 сая тонн нүүрс олборлож байжээ. Харин сүүлийн 2 сард олборлолтоо 1,9 дахин нэмэгдүүлж дундажаар 2 сая тонн нүүрсийг олборлосон байна. Энэ үр дүнгээ хадгалахын тулд 2023 онд олборлож борлуулах нүүрсний хэмжээгээ 23 сая тонн гэж тооцсон гэдгийг Эрдэнэс таван толгойн удирдлага тайлбарлаж байна.
23 сая тонн нүүрсний борлуулалт дээрээ үнийн хувьд зохицуулалтын өөрчлөлт хийхээр мөн төлөвлөсөн байна. Өмнө нь уурхайн амнаас нүүрсээ борлуулж, худалдан авагч нь уурхайн амнаас нүүрсийг цааш нь тээвэрлэж, мөн хил давуулдаг байсан. Харин ирэх жилээс олборлох нүүрсээ Эрдэнэс таван толгой өөрсдөө тээвэрлэж хил дээр аваачин зарах зохицуулалтыг хийнэ. Энэ нь хилийн үнээр нүүрсээ борлуулна гэсэн үг. Уурхайн амнаас борлуулах, хил дээр борлуулах хоёрын дунд үнийн асар том зөрүү байдаг. Иймээс энэ зөрүүг арилгах, Эрдэнэс таван толгой өөрийн баялагаа үнэ хүргэх алхам нь хилийн үнэ гэж үзсэн байна.
2023 онд боруулахаар төлөвлөж буй нүүрсний 10 хувь болох 2,3 сая тонн нүүрсийг өрөндөө ачуулна. Энэ нь өнөөх Бодь групп, Чалко гэх мэт мөнгийг нь аваад идчихсэн. Харин нүүрсээр өрөө дарна гэсэн гэрээнийхээ үүргийг тус компани биелүүлэх юм байна. Үлдэж буй 20 орчим сая тонн нүүрснийхээ дийлэнх хувийг хилийн үнээр борлуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж буй. Хилийн үнээр борлуулсанаар Монгол Улсад орох орлого тодорхой хувиар өснө. Тухайлбал уурхайн аман дээр 40 ам доллараар зардаг нүүрс хил дээр ирээд 90 ам доллар болдог. Иймээс дунд нь 50 ам долларыг зуучлагч халаасалчихаж байжээ. Үүнийг зогсоохоор Эрдэнэс таван толгой ХХК-д очсон шинэ удирдлагын баг ажиллаж байна.
2011 оноос хойш уурхайн аман дээрээ нүүрсээ борлуулсны улмаас 4,2 тэрбум ам долларыг Монгол улс алдсан гэдэг тооцоог Эрдэнэс таван толгойн ХХК-ийн шинэ удирдлага гаргасан байна. 2011 оноос хойш борлуулсан нүүрсний хэмжээ мөн олсон орлого, тухайн үеийн хил дээрх үнэ зэргийг харьцуулж энэхүү тооцоог гаргажээ.
Хэрэв 2011 оноос хойш Эрдэнэс таван толгой ХХК нь нүүрсээ хил дээр аваачиж борлуулсан бол 9,1 тэрбум ам долларын орлого олох байсан. Харин уурхайн амны үнээр борлуулсан учраас 4,9 тэрбум ам долларыг 10 жилийн хугацаанд олжээ. Энэхүү 10 жилд бид нүүрсээ зарахдаа 4,2 тэрбум ам долларыг зүгээр л алдчихсан гэхэд болно. Хэрэв нүүрсээ уурхайн амнаас бус хилийн үнээр борлуулсан бол улсын төсвийн нэг жилийн орлоготой тэнцэхүйц хэмжээний орлогыг өнгөрсөн 10 жилд олох боломж байжээ гэсэн үг.
Нүүрсний хулгай хэмээн шаагиж байгаа энэ үед дахин хулгай гаргахгүй байхын тулд хийх нэг ажил бол яах аргагүй нүүрсээ уурхайн аман дээрээс зарахгүйгээр хил дээр зарах явдал юм. Хил дээрх үнээр нүүрсээ борлуулаад эхлэх юм бол улсын төсөвт орох нүүрсний орлого өсч, иргэдэд очих хүртээмж нь нэмэгдэх сайн талтай.