Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд алаг цоог дэгдэлттэй байна. Томуу, томуу төст өвчин 15 хүртэлх насны хүүхдүүдэд 80 хувийн тархалттай байгаа гэдэг мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаярын өгч буй мэдээллээр Томуу, томуу төст өвчин үүсгэгч голлох гурван вирус 0-4 насныханд түгээмэл байгаа гэнэ. Энэ насны хүүхдүүд одоо дэгдэж буй томуу томуу төст өвчин буюу ханиадад өртөмгий байна. Тэр дундаа Улаанбаатар хотод өвчлөл бусад аймаг, хотуудтай харьцуулахад өндөр байгаа гэдгийг хэллээ. Эцэг эхчүүд хүүхдээ дулаахан хувцаслах, насанд нь тохирсон амин дэмээр баялаг хоол хэрэглэх, гэртээ агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийхийг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.
Улирлын чанартай дэгдээд байгаа ханиад нь 0-4 насныханд:
- Богино хугацаанд өндөр халуурах
- Ханиалгах
- Хоолой бачуурах
- Уушги гэмтсэн тохиолдолд амьсгаадах, амьсгалын дутагдлын шинжээр түлхүү илэрч байгаа гэнэ.
Хүүхэд өндөр халуурч байвал эмнэлэгт хандаж, эмчийн зөвлөсөн эмчилгээг хийлгэхийг ХӨСҮТ-өөс анхааруулав. Учир нь дур мэдэн эмчилгээ хийх нь эрсдэлтэй гэдгийг анхаарууллаа. ХӨСҮТ-ийн халдварт өвчний тасагт томуугийн улмаас 198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 20 орчим хувь нь уушгины хатгаагаар хүндэрсэн, үүнээс 9 хүүхэд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэдэг мэдээллийг тус төвөөс өглөө. Мөн дүүргийн болон ЭХЭМҮТ-ийн амьсгалын замын өвчлөлийн тасаг нь өндөр ачаалалтай, өрөө бүр нь дүүрсэн гэнэ. Зарим эмнэлэг гудас дэвсэх байдлаар хүнд хүүхдүүдээ хүлээн авч, тасагт шилжүүлэх хэлбэрээр зохицуулалт хийж буй гэлээ.