Жагсаал зорилгодоо хүрэв. Нүүрсний хулгайчдыг зарла, хариуцлага тооц хэмээн эхэлж байсан жагсаал 20 гаруй хоног салгалж байна. Учир нь эхний 3-4 өдөр зорилго нь нүүрсний хулгайчдыг илрүүл, хариуцлага тооц хэмээн шуугиж байснаа сүүлдээ өнөөх шаардлага нь олон салаа мөчиртэй болж замхарсан. Энэхүү жагсаалын ард ямар улс төрчид байсан вэ гэх асуулт өнөөдөр ч үргэлжилж байна. Зарим нь эрх баригч намын эрх мэдлээ хадгалах гэсэн улс төрчид дэмжлэг үзүүлсэн гэх явган яриа ч гараад амжсан.
Ямартай ч жагсаал нэг хэсэгт нь үр дүнгээ өгөв бололтой. Жагсаалаас хожоо болгож чадсан эрхэм нь Д.Амарбаясгалан гэж улс төрийн хүрээнд ам дамжин ярьж эхэллээ. Учир нь энэхүү жагсаалын дүүвээнээр МАН-ын бага хурал хойшлогдсон. Харин өнөөдөр ёс төдий цахимаар хуралдсан болоод өнгөрч байна. Энэ нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээн сэтэр зүүгээд удаж буй Д.Амарбаясгалангийн хувьд олз боллоо. Бага хурлаар түүнийг солих гэж байсан. Оронд нь Ерөнхийлөгч өөрийн хүнээ намд суулгахаар бэлтгэлээ хангаад байв. Харин жагсаалын цаана хөшигний ард яриа хэлэлцээр үргэлжилж Д.Амарбаясгалан суудалдаа үлдэхээр болжээ. Түүний хувьд 2024 оны сонгуульд намаа авч орно. Гал тогоо түүнд хэвээрээ үлдэв. Хэнийг хаана дэвшүүлэх эрх мэдлээ хадгалж чадлаа гэсэн үг. Нөгөө талдаа ЗГХЭГ-ын дарга буюу Монгол улсын сайд хэвээрээ үлдэж байна.
Д.Амарбаясгалан давхар дээлтэй. Эрх баригч намын гал тогоог хариуцсан, мөн засгийн гал тогоог хариуцсан эрх мэдлийг хадгалж чадлаа. Өмнө нь хэд хэдэн хүн ийм боломж байсан ч дүрэмдээ захирагдаад чадаагүй. Аль нэг ажлаа сонгож байсан. Харин Д.Амарбаясгалан шинэ жишиг гаргаж нам, төрийн хослон барихаар болж байна. Түүний хувьд 1990 оноос хойш анх удаа нам төрийн гал тогоог хослуулан хариуцах улс төрч болов.