Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны төгсгөлд 2023 оны угтан хэлсэн үгэнд хоёр гол санаа тунхаглагдав. У.Хүрэлсүхийн хувьд эв эеэ хичээж, парламентын засаглалаа хамгаалах ёстой гэдгийг анхаарууллаа. Үүний зэрэгцээ парламентын засаглалаа бэхжүүлэхийн тулд өөрчлөлтийг хийж хууль эрх зүйн орчноо сайжруулах нь зөв гэдэг дээр санал нэгдэж буйгаа тунхаглав.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн л тогтолцооны өөрчлөлт хийх тухай хэлсэн үгэндээ онцолж буй. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нэг зүгт харж, үндсэн хуулийн өөрчлөлтийг эхлүүлэх нь гэх горидлого хүлээлт үүслээ. Мэдээж хэрэг энэ хоёр нь нэг талдаа гарчихвал Г.Занданшатар уг ажлыг гардан хийх нь гарцаагүй юм.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх хоёр том шалтгаан байна.
Нэгдүгээрт: Сонгуулийн тогтолцоо. Хэрэв энэ их хурал хугацаанаасаа өмнө тарж, ээлжит бус сонгууль болсон нөхцөлд иргэдийн тал хувийн дэмжлэг аваагүй улс төрчид дахиад л төрийн ордонд ороод ирнэ. жишээ нь 70 мянган хүн амтай аймгийн хэдхэн сумыг нийлүүлээд нэг жижиг тойрог болгосон. Өнөөх сум нь дөнгөн данган 20 мянган сонгогчтой. Эдгээрийн 5 мянган сонгогчийнх нь саналыг авсан нөхөр гишүүн болоод төрийн ордонд ороод ирж буй юм. цаана нь 15 мянган санал бусад нэр дэвшигчдэд өгсөн нэрээр гээгдэж байна. Жижиг 76 тойрог гэдэг бол шууд утгаараа иргэдийн санал гээгдэж, харин улс төрчид мөнгөөр санал худалдан авч эрх ашгаа хамгаалах хөшүүрэг болчихоод байна. Иймээс л үүнийг өөрчлөхгүйгээр шинэчлэлийн тухай яриад нэмэргүй юм. Нөгөө талдаа ээлжит бус сонгууль болоход төрд суугаа 76 дахиад л гараад ирэх эрсдэл байсаар байна.
Хоёрдугаарт: Өнөөдөр УИХ-д 76 гишүүн ажиллаж байна. Эрх баригч нам нь 62 суудалтай. Эдгээрийн 20 нь Засгийн газартаа ороод суучихсан. Ийм нөхцөлд 62 гишүүн нь шууд утгаараа Засгийн газрынхаа халаасанд гүйгээд орчихож буй юм. Угтаа бол сонгодог парламентын засаглалд гишүүд нь Засгийн газартаа хяналтаа тавьж, буруу зүйл хийх гэвэд бушуу түргэн донгодох ёстой. Гэтэл тэгэхгүйгээр холилдож хулгайгаа хийгээд сууж байна. Иймээс гишүүдийн тоог ядаж 100 гэдэгрүү дөхүүлэх, эсвэл түүнээс дээш нь гаргах нь эргээд хяналт тогтох сайн талтай юм. Нөгөө талдаа одоо байнгын хорооны 5 гишүүн сууж байгаад л хууль батлаад байна. УИХ-ын танхимд 76 гишүүний дөнгөж 30 хүрэхгүй нь сууж байгаад л хуулиа баталчихаад байна. Иймээс хууль батлах тоог ядаж 60 болгох ёстой. Ингэж байж хуулийн хулгай саарах боломжтой юм.
Дээрх хоёр шалтгааны улмаас үндсэн хуулийг өөрчлөх нь өнөө маргаашийн тулгамдсан асуудал мөнөөсөө мөн. Үндсэн хуулиа өөрчлөхдөө яарч хийхээсээ илүү нухац, танилцуулж, талцуулж байж хийх нь зөв. Гэхдээ бүгдийн үгийг сонсож буцаж хургахгүйгээр асуудлаа шийдэх нь зөв. Нөгөө талдаа хуулиа өөрчилсөн бол сонгуулиа бүү наашлуулаарай.