Бүдүүлэг, бурангуй байхаа больё

Бүдүүлэг, бурангуй байхаа больё

2022 оны 12 сарын 31 өдрийн 22 цагийн орчим Нэгдүгээр төрх эмнэлэгт очсон төрөх гэж байсан бүсгүй машиндаа амаржжээ. Шалтгаан нь эмнэлэг нь оруулаагүй гэсэн тайлбартай. Гэтэл эмнэлгийн байгууллагаас өгч буй мэдээллээр буруу хаалгаар ирсэн. Машинаа төв зам дээр орхисон гэх мэт тайлбарыг өгч байна. Нөхөр нь сандарсан байж болно. Тулгамдсан байж болно. Тэгсэн ч машинаа хүлээн авахын өмнө аваачаад байрлуулчих ухаан гарсангүй. Харин утсаа шүүрч аваад бичлэг хийж эмч эмнэлгийн ажилчдыг айлгах гэж гүйх хооронд эхнэр нь эрсдэлд орсон бол яах вэ? Хүйтэн машинд хүн төрүүллээ гэж зүхэхийн оронд ийм байдлыг бий болгохгүй байх арга байсан гэдгийг цаг хугацаа, тухайн иргэний бичлэг бэлхэн харуулж байна. Тухайлбал 22 цаг гэдэг бол нэгдүгээр төрхийн эргэн тойрон түгжрэлгүй байгаа гэсэн үг. Эмнэлгийг тойроод машинтайгаа хүлээн авах дээр очих боломжтой. Ядаж л эмнэлгийн эргэн тойронд буй, хүн хүлээж буй хүмүүсээс тусламж хүсч эхнэрээ өргөөд эмнэлгийн хаалгаар оруулж болно доо. Энэ мэтээр өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн үү гэдэг асуултын тэмдэг шиг байна. 

Эрүүл мэндийн байгууллагад алдааг хэн гаргаж буйг харахгүйгээр шууд л салбараар нь буруутгаж үл болно. Эмнэлгийн хаалган дээр зогсч буй сувилагч, хүлээн авахын эмч нар зөв зааж өгөөд чиглүүлж болно. Тэд тэгээгүй бол зөвхөн тэдний л алдаа болохоос эмнэлгийн бусад эмч нар, эсвэл дарга буруутай мэтээр бүхнийг харлуулах нь зүйд үл нийцнэ. Гэхдээ эмнэлгийн зүгээс өгч буй тайлбараар бол тэд алдаа гаргаагүй л гэж сонсогдож байна. Харин ч эмч тайван, ажилдаа хариуцлагатай тулдаа асуудалд зөв хандаж бүсгүйг эсэн мэнд төрүүлж чадсан болох нь өнөөдөр тодорхой болов.  

Гэтэл эмнэлгийг буруутгаж, эмч нарыг зүхэж, сайдыг шахаж улс төр хийхийн оронд дор бүрнээ бодож, ийм эрсдэлд нүүр тулвал хэрхэх үү? ямар арга хэмжээг хэн нь яаж авах уу гэдэг дээр хэлэлцүүлэг өрнүүлдэг ч болоосой. Эрүүл мэндийн байгууллага ажлаа хийж байна. Хийсэн шиг хийж байгаа хамт олныг харлуулахын оронд харин алдаа байвал засах, иргэд бас үйлчүүлж сурах соёлд суралцая аа.