Ардын нам ахиад л бөөрөнхийлөө. Ард түмэн дэмжвэл үндсэн хуулийн өөрчлөлтийг ярина гэж бүлгийн хурлаараа шийдсэн тухайгаа бүгд суугаад мэдээлчихэв. Хэрэв ард түмэн хүсвэл эрх баригч нам дэмжлэг үзүүлнэ гэсэн бөөрөнхий хариулалтыг ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлжээ. МАН манлайлж хийх ёстой болохоос манлайлсан нэгнийг дэмжээд явна гэдэг нь цаасан малгай юм.
Одоо байгаа үндсэн хуулийн орчин, сонгуулийн тогтолцоогоор 76 жижиг тойрогт сонгууль явна. Энэ сонгууль эргээд л нэг намд эрх мэдлийг өгч, иргэдийн санал гээгддэг болохыг бид олон жил ярилаа. Өнөөдөр УИХ-д суугаа 76 гишүүний дийлэнх нь 10-15 мянган хүний санал авч гишүүн болсон. Гэтэд тэднийг дэмжээгүй хорь, гучин мянган иргэн тойрогт нь байна. Тодруулах юм бол нэг аймгийн 8 сум нийтдээ 40 мянган хүн амтай гэж бодьё. Гэтэл тэдгээрийн 25 мянга нь сонгогчийн насных. Эдний 7 мянган хүний саналаар гишүүн болчихож байна. Үлдсэн 18 мянган хүн одоо сонгогдчихоод байгаа гишүүнд санал өгөөгүй. Тэр өөрийнхөө төлөө өгүүлэхийн тулд 7 мянган хүнийг урамшуулчихсан ч байж мэднэ. Ийм л учраас мөнгөний сонгууль гэж нэрлээд буй юм. Жижиг 76 тойрог бол таны, миний санал гээгдэж, та бидний сонголт хаягдаж, мөнгө төлсөн хүн өөрийнхөө дууг захиалдаг бусармаг систем юм.
Хэрэв энэ жижиг 76 гэдэг зангуунаас салахгүй бол бид хэнийг ч сонгож санал өгөөд мөнгөтэй, эрх мэдэлтэй, ялзарсан нэг улс төрийн хүчнийхэн ялалт байгуулсаар байх болно. Иймээс ард түмэн дэмжлэг өгье. Ардын намыг хулихдах аргагүй болтол нь дэмжиж буйгаа илэрхийлье. Гишүүний тоо яриад биднийг хулихдах гээд байна.Тоо биш системээ тооцоолох нь зөв шүү. Хэдүүлээ Ардын намын аманд оролгүй асуудлаа шийдүүлэх гэж шахцгаая.