Улаанбаатар хотын агаарын чанарын асуудал оны сүүлээр олны анхааралд өртөж эхэллээ. Уг нь аль 9 дүгээр сард л Улаанбаатар хотын утаа хэрээс хэтрэх шинжтэй байгаа тухай иргэд анхааруулж байв. Гэвч хотын удирдлага үл тоож, хүлээн авах хүнгүй өнөөдрийг хүрсэн. Уг нь Улаанбаатар хотын утаа их байна шүү гэдгийг гадаа нэмэх арав гаруй хэмтэй байхад л анхааруулсан үгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэлж байлаа. Тэрбээр хэлэхдээ Зайсанд хүртэл Улаанбаатарын утаа үнэртээд байна гэж тайлбарлаж байв. Гэвч түүний үгийг түмэн олон ч тэр, төр засаг ч тэр тоглоом шоглоом болгоод өнгөрсөн. Өнөөдөр амаа барьж байх шиг байна аа.
Улаанбаатар хотын дарга Д.Сумьяабазар утаа ихэссэн гэдгийг сая арав хоногт л мэджээ. Тэрбээр утаа чинь ихэссэн байна хэмээн хүнийрхүү үг хэлж сууна. Хотын дарга нь утааг хамаатуулахгүй түлхэн ярьж байхад хэнд хамааруулах вэ гэдэг хачин юм шүү.
Утаа ихсэх хэрээр утаанд агуулагдаж буй хүхэрийн хэмжээ нэмэгдэж байгаа. Улаанбаатар хотын утаанаас гарч буй маш хурц үнэр бол хүхэрлэг хий гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна.
Тухайлбал 2019 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээллээр Улаанбаатар хотын агаар дахь хүхрийн агууламж 2018 онд 67 микрограмм байсан бол 2020 онд нэг шоо метрт 211 микрограмм болж ихэссэн. Мэргэжлийн хяналтын газар нь Тавантолгой түлш компанийн шахмал түлшинд лабораторийн шинжилгээ хийхэд хүхрийн хэмжээ стандартад заасны дагуу нэг буюу түүнээс бага ч Багануур, Налайхын нүүрсэнд агуулагдах хүхрийн агууламжаас бараг хоёр дахин их үзүүлэлттэй гарсан. Хүхрийн давхар ислийн хэмжээ шаталтын шатанд ихэсдэг. Тийм учраас "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлшин дэх хүхрийн агууламж бусад улс орны сайжруулсан түлшний стандартын хэмжээнд байна уу, үгүй юу гэдгийг судлахаар Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж эхэлсэн. Одоогоор БНХАУ-ын шахмал түлшний стандарт ирсэн, харьцуулж үзэхэд "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан түлшний хүхрийн агууламжтай ижил түвшинд байгаа. Бусад орны түлшний стандарт ирээгүй байна” гэж тайлбар өгч байлаа. Өнөөдөр ч энэ байдал өөрчлөгдөөгүй. Утаанд агуулагдах хүхэрийн хэмжээ өсч, харьцуулсан тайлбар алга л байна.
Хүхэрлэг хий (SO2) нь нүдэнд үл үзэгдэх, хурц үнэртэй хий бөгөөд бусад бодистой амархан урвалд орж хүхрийн хүчил, сульфатын тоосонцор зэрэг хортой нэгдлүүдийг үүсгэдэг байна. Эрдэмтэд энэхүү хурц үнэртэй бодисыг хүний эрүүл мэндэд маш хортой хэмээн тодорхойлдог.
Агаарын найрлаганд хүхэрлэг хий хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хүхэрлэг хий бол химийн детергент нэгдэл буюу эд эсийг цочроох төрлийн хий юм. Ийм учраас хүхэрлэг хий ихээр агуулсан агаараар амьсгалахад хүний бие махбодын амьсгалын замд орших эд эсүүд цочирч хэвийн үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Гэхдээ агаарын найрлагад агуулагдах хэмжээнээс хамаарч харилцан адилгүй нөлөөлөл үзүүлнэ. Судалгаагаар хүхэрлэг хий 1м3 агаарт 50мкг-аас бага агуулагдвал хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүй хэмээн үздэг.
Харин агаарын найрлаганд хүхэрлэг хийн агууламж 500мкг/м3 дээш хэмжээтэй (1м3 агаар 500мкг-аас их) агуулагдвал амьсгалын замын намираа хучуур эдийн үйл ажиллагаа алдагдаж амьсгалын замд сөргөөр нөлөөлнө.
Уул нь намираа хучуур эд амьсгалын замд орших гадны тоосонцорыг тогтоон гадагшлуулах, шүүрэл ялгаруулж чийглэх, дархлаа урвалд оролцох зэрэг чухал үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Улмаар гадны бохирдуулагчийг цэвэрлэхээс гадна бактер, вирус халдварлах боломжийг бууруулсанаар амьсгалын эрхтэн тогтолцоог эрүүл байлгадаг.
Гэтэл хүхэрлэг хий намираа хучуур эдийг цочроосноор хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар амьсгалын замын хамгаалах тогтолцоо суларч гадны халдварт өртөмтгий болно. Үүний зэрэгцээ гуурсан хоолойн багтраа (астма) сэдрэх, гуурсан хоолойн архаг үрэсвэл даамжрах зэрэг сөрөг нөлөө үзүүлж эхлэнэ гэж мэргэжлийн хүн тайлбарлаж байна.
Сүүлийн хоёр сар гаруй хугацаанд эдгэрдэггүй ханиад гарчээ гэж хүмүүс яриад буй. Гэтэл үүний цаад гор нь утаанд агуулагдаж буй хүхэрлэг хийн нөлөө байж болзошгүй тухай эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Нэг үгээр хэлбэл Улаанбаатар хотын агаарт хүхэрлэг хийн агууламж хэт өндөр байгаа тул иргэд ханиад хүрэх нь амархан, мөн эдгэрэхгүй байгаа гэдгийг тодотгож байгаа юм. Сүүлийн саруудад агаарын чанарын үзүүлэлтээр 500 болон түүнээс дээш үзүүлэлттэй цэгийн тоо эрс нэмэгдсэн байна. Агаарын бохирдол гэдэг үгийн цаана хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэн гэдэг үзүүлэлт давхар явж байна аа.
Харин агаарын найрлагад хүхэрлэг хий удаан хугацааны турш 250мкг/м3-аас дээш агуулагдвал энэхүү бүс нутагт оршин суух хүмүүсийн амсгалын зам халдварт өвчинд өртөмтгий, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг нэмэгддэг байна.