Амьдрал гэдэг өөрөө аз жаргал. Амьд хүн аргатай гэдэг үг байдаг даа. Энэ үг зүгээр ч нэг утга агуулаагүй. Энэ үг маш том утгатай бөгөөд амьд байгаа нь хамгийн том аз жаргал , боломж болж байгааг илтгэж байгаа юм. Тэгэхээр аз жаргалыг амьдралаасаа л хайж олно. Амьдрал баялаг шүү дээ. Амьдралд хэцүү зүйл, бэрхшээл саад өчнөөн тохиолддог ч энэ бүхнийг Та яаж ийгээд давчихсан л байдаг. Тэгээд тэр саадын ард гарчаад гүнзгий амьсгаа авч аз жаргалыг мэдэрдэг.
Хүн хэцүү зовлонтой үеэ ярьдаг мөртлөө аз жаргалтай үеэ яриад байдаггүй. Өвдсөн үедээ эрүүл байх л аз жаргал юм байна гэдэг. Цаг мөч бүр бидэнд аз жаргалыг авчирч байдаг. Хүн өөрөө мэдрэх л хэрэгтэй. Заримдаа зовлон аз жаргал болж хувирах тохиолдол ч байдаг.
Бидний амьдралд аз жаргал зовлон ээлжлэн солигддог. Харин бид жаргалаасаа илүү зовлонг хүндээр тусгаад авчихдаг юм. Хүн бүхний сэтгэлд аз жаргал бий. Гол нь та аз жаргалыг өөрөө бүтээх хэрэгтэй.
Миний бодлоор бид зовлонгоосоо илүү жаргалтай байдаг шиг санагддаг. Ээж надад “Гэр бүлээрээ байх л аз жаргал юм байна. Мөнгөөр бүх зүйлийг худалдаж авч болох ч гэлээ аз жаргалыг хэзээ ч худалдаж авч болдоггүй. Хүн насаараа мөнгөний араас гүйж өнгөрөөдөг. Нэг л мэдэхэд нас нь яваад ирэхээр мөнгөний төлөө амьдарч байснаа мэдэж эхэлдэг юм. Амьдрал мөнгөн дээр биш аз жаргал дээр тогтдог шүү” гэж хэлж байсан юм. Нээрээ л мөнгөтэй байлаа гээд бидэнд худалдаж авч болохгүй нандин зүйл байдаг. Мөнгө аз жаргалын түлхүүр гээд л дуулцгаадаг. Бид мөнгөтэй байлаа гээд аз жаргалтай байна гэсэн үг биш шүү дээ.
Аз жаргалын бас нэгэн найдвартай үндэс бол гэр бүлийн, найз нөхдийн, хайр дурлалын халуун дулаан, гүнзгий, дотно харилцаа юм. Гэрлэсэн хүмүүс нь гэр бүлгүй, салсан эсвэл бэлэвсэн хүмүүсээс илүү аз жаргалтай. Таньтай хэр олон хүмүүс сайхан сэтгэлээсээ харилцаж ойр дотно байна төдий чинээ та аз жаргалтай байдаг биш гэж үү.
Хамгийн сайн найзтайгаа муудалцчихаад эргээд эвлэрч суух сайхан. Амралтын өдөр гэрийхэндээ зориулж хоол хийх сайхан. Хайртай хүндээ эрхэлж туниад аргадуулах сайхан. Энэ бүхэн бидэнд аз жаргалыг авчирдаг.
Цас орохыг харах сайхан. Бороонд нороод гүйх сайхан. Монгол орондоо мэндэлсэн нь сайхан. Хэн нэгэнд дурлах сайхан. Бид аз жаргалыг хаанаас ч хайх шаардлагагүй. Аз жаргал бидний эргэн тойронд байна.
Хүн бүрт аз жаргалын хүрээ хязгаар гэж бий. Аз жаргал бол боломжтой зүйл юм. Түүнд олон зүйл нөлөөлдөг боловч ихэнх хэсэг нь гадны нөхцөл байдлаас бус бид амьдарлаа хэрхэн бүтээж байна вэ гэдгээс хамаарна.
Яруу найрагч Ц.Хулан “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” гээд яг голыг нь оноод хэлчихсэн. Эгэл жирийн амьдралд ч аз жаргал бий гэдгийг хүмүүс мэддэг гэдгийн нэгэн жишээ билээ.
Эерэг сэтгэлзүйн мэргэжилтнүүд болох Эд Диннер, Мартин Селигман нар нь жинхэнэ аз жаргалыг аялгуу нь олон хөгжмийн зэвсгээс бүтдэг гэхдээ тэд тус бүрдээ бол сайхан ая гаргахад хангалтгүй болдог гайхалтай симфони хөгжимтөй зүйрлэсэн байдаг. Харин аз жаргалд хүрэх зам хүн бүрт өөр, бүгдэд таарах жор гэж байхгүй. Тиймээс зөвхөн Та өөрийн аз жаргалын үүдийг нээж чадна.
эх сурвалж: www.niislel.mn