АРХАНГАЙ: Хуванцар болон тетрапак савлагааг бутлах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангажээ
Архангай аймгийн "Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр"-ийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулан 41 тоот тогтоолоор баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн төв Эрдэнэбулган сумын 5-р багийн иргэн хуванцар болон тетрапак савлагааг бутлах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
Энэ үйлдвэр нь бүх төрлийн гялгар уут, тор, сав баглаа боодлын гаднах гялгар болон бүх төрлийн хуванцар савыг дахин боловсруулан хашаа, шонгийн бэлдэц зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах үйлдвэр юм.
БОАЖГ-аас "Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нутаг дэвсгэр дэх аялал жуулчлалын болон рашаан ус бүхий хүн ихээр зорин ирдэг газруудад хог хаягдлын талаарх заавар зөвлөмж, самбар, хогийн савыг байршуулах, хог хаягдал ихээр үүсгэгч худалдаа үйлчилгээ, аялал, амралт, рашаан сувиллын үйл ажиллагаа эрхлэгч иргэн аж, ахуй нэгжүүдтэй жил бүр хог хаягдлын менежментийн гэрээ байгуулан ажиллаж, дүгнэх ажлыг хийхээр төлөвлөжээ. Энэ ажилд сумд 498,4 сая төгрөгийг хогийн асуудлыг шийдвэрлэхэд төсөвлөөд байна.
Мөн Хайрхан суманд “Хог хаягдлын менежментийн дахин боловсруулалтын санал, санаачилгыг дэмжих нь” төсөл "Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтийг хангах нь - ENSURE" болон Орон нутгийн хөгжлийн сангийн нийт 90 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж байна. Энэхүү төслийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгаж хийдэг хогийн сав 6 ширхэг, хоёрдогч түүхий эд авдаг автомат машин 1 ширхэг, хог хаягдал шатаах зориулалтын зуух 1 ширхэг, 10 айлын амьдрах орчин, хашааны тохижилт болон хогийн сав, нүхэн жорлонг сайжруулах ажлуудыг хийжээ.