Судлаач О.Мөнхсайхан, эдийн засагч Ө.Ганхуяг нарын 11 хүнийг зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлжээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2023.01.06/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.
Тэрбээр, Төрийн байгуулалтын байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа “Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед Улсын Их Хурлын гишүүдээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын хүрээнд Зөвлөлийн бүрэлдэхүүнд эмэгтэй нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулах санал гаргасан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.3 дахь хэсэгт заасныг үндэслэн уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Тус Байнгын хороо Ажлын хэсгийн саналыг үндэслэн “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, 136 нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан
- Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн эдийн засагч О.Амартүвшин,
- Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн эдийн засагч Ө.Ганхуяг,
- хувь иргэнээр нэр дэвшсэн эдийн засагч Б.Отгонтөгс,
- Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер Х.Ганбаатар,
- Монгол Улсын Шинжлэх Ухааны академиас нэр дэвшүүлсэн гүн ухаан, нийгмийн ухааны багш, академич Г.Чулуунбаатар,
- төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн улс төрийн эдийн засагч, эрх зүйч Л.Төр-Од,
- хувь иргэнээр нэр дэвшсэн зураг, хөдөлмөрийн багш Г.Галбадрах,
- радио электроникийн инженер Д.Моондой,
- “Бодлогод залуусын хяналт” Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн эрх зүйч Ц.Мандхайхатан,
- Монгол Улсын Их сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн судлаач О.Мөнхсайхан,
- Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн хөдөлмөрийн эдийн засагч С.Эрдэнэбат нарын 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлж, тогтоолын төслийг боловсруулсан болно.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувь нь дэмжсэнээр тогтоол эцэслэн батлагдлаа.
Ингэснээр “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг доорх бүрэлдэхүүнтэй байгуулав.
1/Отгондаваагийн Амартүвшин
2/Гомбосүрэнгийн Галбадрах
3/Хуягийн Ганбаатар
4/Өлзийхутагийн Ганхуяг
5/Цэвэгмидийн Мандхайхатан
6/Доржийн Моондой
7/Одонхүүгийн Мөнхсайхан
8/Банзрагчийн Отгонтөгс
9/Лхагважавын Төр-Од
10/Гэлэгпилийн Чулуунбаатар
11/Сүхбаатарын Эрдэнэбат
Мөн тогтоолоор Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, санал асуулгын дүнг нэгтгэж, зөвлөмж гарган Улсын Их Хуралд танилцуулахыг Зөвлөлдөх зөвлөлд даалгасан юм.
Дараа нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
Мөн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг соёрхон батлав.
Түүнчлэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.