“Зөвхөн цалингийн орлогоос авах татвар” гэсэн дарга нарын тайлбар худлаа. Хуулийг ингэж өөрчилсөнөөр өмнө нь зөвхөн прокурор зөвшөөрсөний дараа хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэл хайх зорилгоор хувь хүний дансны мэдээллийг банкнаас гаргуулж авдаг байсан бол одоо татварын байцаагч нар дурын хүнийхээ дансны мэдээлэл, гүйлгээ бүрийг харж хянах эрхтэй болсон.
Иргэний шууд болон шууд бус орлогод тавих татвараа төр нэмсэн. Шууд орлого буюу нийгмийн даатгалын шимтгэл төлдөг цалингийнх нь орлогыг мэдэхийн тулд төр иргэнийхээ банкны гүйлгээг хянах шаардлагагүй. Харин шууд бус орлогыг нь олж барьж авахын тулд л татварын албанд хүний данс нэгжих эрх өгч байгаа юм. Хувь хүмүүс дансаар орж гарсан бүх орлогоо хуулийн дагуу татвар ногдох орлого биш гэж нотлох үүрэг хүлээнэ. Чадахгүй бол торгуулна. Манай улсын банкны систем сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж банкны үйлчилгээ хүний гарын дор, улам энгийн болсоноор бэлэн мөнгөний гүйлгээ эрс багассан. Худалдаа үйлчилгээ эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд бэлэн бус гүйлгээ хийдэг соёл, хэрэглээнд суралцаж байсан. Гэтэл энэ хуулиудын дагуу хүн бүр бэлэн бус бүх гүйлгээгээ татварын байцаагч шаардвал нотлох, тайлбарлах, тайлагнах шаардлага үүсч байгаа юм.
Татвар буй дор төр буй. Төр буй дор татвар буй. Хүн татвараа төлж байж л төрийн үйлчилгээ авах нь шударга зарчим мөн. Гэвч төлөх татвар тогтмол өсдөг ч төрийн үйлчилгээнүүдийн чанар сайжрах биш улам муудаад байгаа нь татвар байхын утга учрыг үгүй хийж байгаа.
Иргэний дансанд мөнгө орно. Тэр ямар учиртай мөнгө вэ гэж татварын алба асууна. Энэ бүхэнд хариулж суухаас түвэгшээсэн, дээр нь өөрийн хувийн мэдээллийг нууц байлгахыг хүссэн хүмүүс банк ашиглахаа болино. Бэлэн мөнгө буюу бүртгэлгүй мөнгө эргэлдэж эхэлнэ. Энэ Засгийн “тэмцэх гээд байна аа” гэж чанга дуугаар зарлаад байгаа далд эдийн засаг жинхэнэ утгаараа томорно. Шинэ сэргэлт биш эдийн засгийг унтаа хэлбэрт шилжүүлнэ.
Банкны хөгжил, бэлэн бус гүйлгээний соёлын үрээр дээрэм тонуул, хулгайн гэмт хэргийн гаралт хэдэн жилийн өмнөхөөс харьцангуй буурч байгаа. Гэтэл одоо төр нь бодлогоор иргэдээ банкан дахь мөнгөө татаж авахад хүргэж байна. Банкнаас авсан бэлэн мөнгөө хаа нэг газар хадгална. Биедээ авч явна. Хэн хэн дансандаа хэдэн төгрөгтэйг татварын байцаагч нар мэддэг болно. Үндсэндээ бүгд мэддэг болно гэсэн үг. Хүмүүс нэгнийхээ нууц мэдээлэл, эд хөрөнгөд халдаж эхэлнэ. Дагаад хууль сахиулах албанд авлига нэмэгдэнэ.
Хүний эрх гэдэг бол хүн өмчтэй байх эрхийг, өмчөө өөрөө дур мэдэн захиран зарцуулах эрхийг, өмчөө хамгаалах, хамгаалуулах эрхийг хэлнэ. Төрийн үүрэг бол хүний эрх, хүний хувийн өмчийг хамгаалах болохоос хүн ардынхаа хувийн өмчид халдах, гэмт этгээдүүдийн өмнө дэлгэж орхих огтхон ч биш. Тиймээс л Үндсэн хуулинд хүний хувийн өмчийг төр нь хамгаалах ёстойг тодоос тод зааж өгсөн байдаг. Гэтэл саяхан батлагдсан Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль Үндсэн хуулийг үл хэрэгсэж банкан дахь хувь хүний данс, дансны гүйлгээтэй холбоотой мэдээллийг багтааж хамгаалаагүй, задгай орхисон. Монголын төр хүний өмчтэй байх, өмчөө хамгаалах үндсэн эрхийг үндсээр нь зөрчиж эхэллээ. Энэ бол ухралт. Маш том ухралт!
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу