Мягмар гараг. Төрийн ордонд түмний асуудлыг шийдэх, улсынхаа хөгжлийг урагшлуулах учиртай хуулийг мэргэжлийн байнгын хороогоор хэлэлцэж, мэтгэлцэж, асуудлыг ул суурьтай харж, ард олноо бодож үг үсэг, өгүүлбэр бүр дээр нь нягтлан ажилладаг юм. Ийм өдөр төрийн ордонд орж Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар эргэлдэв. Ээ дээ иргэн та бид хэнийг өөрийгөө төлөөлж ажил гээд сонгочихсон юм вэ? гэдгээ эргэцүүлж нэг бодлоо.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрдэнэс таван толгойд чиглэл өгөх, нүүрсний хулгайн асуудлыг анхаарах тухай Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг хэлэлцэж байна. Саяхан төрийн ордонд болсон сонсголын үр дүн болгож уг тогтоолын төсөл гарч буй. Гэвч тогтоолын төсөл нь компанийн ТУЗ-ийн ажлыг хийх нь ээ. Энэ компани хэдэг төгрөг олж, хэдэн төгрөгөө хэрхэн иргэдэд тараах тухай зүйл заалт оруулах гэж УИХ-ын гишүүн Доржханд, М.Оюунчимэг нар үг хэлээ бэлүүдэж, үзэл бодлоо гишүүддээ тулгаж байна. Ядаж байхад хэлсэн санал, тогтоолд оруулах гэсэн зарчмын зөрүүтэй санал нь үг найруулга нь үл ойлгогдох, үнэндээ эдийн засгийг огт бодоогүй ээ. Зөвхөн сонгогчид таалагдаж л байвал солиорол дэмийрэл хамаагүй мэт аашилж байна. Байнгын хорооны хуралдаан дээр М.Оюунчимэг, Б.Энхбаяр нар хэд хэдэн зүйл заалт дээр маргалдав. Энэ удаад Б.Энхбаяр гишүүн алсыг харж, харин М.Оюунчимэг өнөөдрөөр сэтгэж, сонгогчийн санал чухал мэт авирлав. Эрдэнэс таван толгой ХХК-г 1072 хувьцааны ногдол ашгийг шууд тараа гэж УИХ-ын тогтоолын төсөлд оруулна хэмээн М.Оюунчимэг гишүүн чичирч байна. Энэхүү чичрэлт нь эргээд эдийн засгаа ална гэдгийг Б.Энхбаяр анхааруулав. Бусад гишүүд нь энэхүү заалтыг дэмжиж эдийн засгийн алуурчин гэдгээ үйлдлээрээ үлгэрлэв.
УИХ-ын тогтоолын төсөл бол бодлогын шинж чанартай, алс хэтийн алдаа завхралыг түрүүлж харсан. Анхааруулсан, аливаа асуудлыг сууриар нь тунгааж, бодлогоор чиглүүлэх ёстой. Гэтэл Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн энэхүү тогтоолын төсөл бол зүгээр л явган онигоо. Онигоо шиг тогтоолын төсөл батлаад байна хэмээн баахан анхааруулж, тас тас хөхөрч байгаад байнгын хорооны хуралдаанаа дуусгасан гишүүн бол Б.Энхбаяр байлаа.