Сангийн сайд Б.Жавхлан: 2022 оны төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан. 1.4 их наяд төгрөгийн нэмэгдлээр тэнцэл сайжирсан. ЭМД сангийн төсөв 250 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Эдийн засгийн өсөлт жилийн эцсээр 4 хувьд хүрлээ. 2021, 2022 онуудад дараалан эдийн засгийн өсөлт бий боллоо.
АМНАТ төсөөлж байснаас давж биелсэн. Аж ахуй нэгжүүдийн орлого, татвар нэмэгдсэн. НӨАТ-ын татвар 44 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нэмэгдсэн. Ажлын байр хадгалж, цалин нэмсний үндсэнд ийнхүү нэмэгдсэн. Гаалийн албан татвар болон Онцгой албан татвар нэмэгдсэн. Энэ нь импорттой холбоотой.
Экспортын орлого 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан. 31.7 сая тонн чулуун нүүрс гаргасан бол зэсийн экспорт төлөвлөгөөгөө давсан. Нүүрсний экспорт нэмэгдэхэд нөлөөлсөн зүйл нь боомтуудаас гадна нарийн журам сахисны үр дүн. 1247 машин нүүрс урагшаа гарсан. Энэ удаа машин бүр 130-аас дээш тонн нүүрстэй гарсан.
Төрийн хэмнэлтийн хуулиар 30 тэрбум төгрөгийн тендерээс хэмнэсэн. Нийт 218 тэрбум төгрөг хэмнэсэн. Өнгөрсөн жил бид Чингис бондын эцсийн үлдэгдлийг төлж барагдуулсан. ДНБ-ий 70 хувьтай тэнцэх байсан өрийн үлдэгдлийг 56 хувь дээр бууруулж чадсан.
Энэ жил 1.1 тэрбум ам.долларыг төлөх ёстой. Өрийн зохицуулалтыг хийх гэж 12-р сард оролдсон ч гадаад зах зээл хаалттайн улмаас бүтэлгүйдсэн. Жилийн эцсийн макро үзүүлэлт сайжирч гарсан. Төсвийн алдагдал 60 хувиар буурч, 2023 оны төсвийн алдагдлыг бууруулахаар УИХ-аар батлуулсан. Манай зээлжих зэрэглэлийг хэвээр нь хадгалж чадсан.
Олон сар бэлдсэний эцэст нэг өдрийн дотор ам.долларын бондын арилжаа хийж 138 хөрөнгө оруулагчаас 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн. Ингэснээр хүүг нь 8 хувь руу буулгаж чадсан. Нэг өдрийн арилжаа хийх явцад Үндэсний компаниудын гадаа өрийн үзүүлэлтүүд нэг өдрийн дотор сайжирсан. Гадаад бондуудын 10-15 хувийг дотоодын банкнууд эзэмшдэг. Энэ удаагийн гадаад өрийн арилжааг банкнууд маш сайн дэмжиж оролцсон. Шинээр гаргасан бондоор арилжааны зориулалттай төсөл хөтөлбөр санхүүжүүлэхгүй бөгөөд энэ жил болон ирэх жил 1.1 тэрбум ам.долларын өрийг төлнө. Нийт 650 сая ам.долларыг энэ бондоос цуглуулж өрөө төлөөд үлдсэн 450 сая ам.долларыг улсын төсвөөс төлнө. Ингэснээр 650 сая ам.долларын бондын төлбөр 2028 он хүртэл хойшилж байгаа юм.
Засгийн газар нийт 8 тэрбум ам.долларын өртэй. Үүнээс 2.6 тэрбум ам.доллар нь бондын өр. 1.5 тэрбум ам.доллар нь төсөл хөтөлбөрийн санхүүжилт боловч тал нь Хөгжлийн банк дээр чанаргүй зээл болж үлдсэн. Бусад 5.6 тэрбум ам.доллар нь урт хугацааны хөгжлийн зээлүүд юм. 25-30 жилийн хугацаатай олон улсын байгууллагаас авсан хүү багатай зээлүүд юм.