Тогтолцооны шинэчлэлийг явуулая. Энэ бол МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг улс төрчийн өнөөдөр ярьж буй суурь сэдэв. Тэрбээр цаашид улс орон хөгжихийн тулд тогтолцооны өөрчлөлтөө сайжруулахгүйгээр, парламентын засаглалаа төгөлдөржүүлэхгүйгээр урагшлахгүй нь гэдгээ хэлж, бас ярьж байна.
Энэ хүрээнд УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооноос Улс төр,эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл чуулга уулзалтыг хийж буй билээ. Өнөөдөр хоёр дахь уулзалт болж байна. Яг одоо төрийн ордонд салбар хуралдаанууд болж буй.Өглөө нэгдсэн хуралдаан болж МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үндсэн илтгэлийг тавьж, асуултад хариулсан билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Парламент бүтэн биш буюу нийт иргэдийг төлөөлж чадахгүй байна. Парламентад ард түмэн түр хугацаанд эрхээ шилжүүлдэг. Олон нам парламентад орох ёстой. Бид өнөөгийн мажоритар тогтолцоогоо хувь тэнцүүлсэн болговол иргэдийн санал гээгдэхгүй, харин асуудал хугацаа сунжрах эрсдэлтэй хэмээн тайлбар хэлэв.
Эндээс нэг л зүйл тодорхой. Үндсэн хуулиндаа сонгуулийн тогтолцоогоо өөрчилж тусгаж өгнө. Үгүй бол бид хөгжлөө хойш чангааж, улс төрөө дийлэхгүй унах эрсдэл байна.
Зөвлөлдөх уулзалтад маш олон хүн үг хэлж, санал бодлоо илэрхийлж байна. юу ярих гээд, яг ямар санал хэлэх гэж буйгаа мэдэж буй хүн цөөхөн. Гагцхүү хувийн амбиц, жалга довны үзэл, уншсан ном маруухан, ухсан судалгаа байхгүй, цээжний үгээр цэцэрхэж суугаа хүн л олон байна. Нэг хэсэг нь тогтолцоо гэж үгээ ойлгоогүй, тоон дотор үсэг мэт бэдэрч яваа харагдав. Жагсагчид нэртэй хэсгийн төлөөлөл дотор ул суурьтай, ухаан зарсан үг хэлж буй нь байна аа. гэвч олонхи нь үнэндээ п гэх хараалын үг хэлэхээс өөр гавьяа гээд гайхуулчих үг хэлж харагдахгүй байна. Тэднийг түмэн дэмжиж буй хэмээн хөөрцөглөж буй.
Яг л дээрх хүмүүс шиг олон хүн түмэн олны дунд буй. Ийм нөхцөлд ард түмнээр асуудлаа хэлэлцүүлээд шийдүүлнэ гэж байхгүй. Харин үүний оронд шийдвэр гаргаж чадах, судалж мэдсэн, үг нь ил биш далд буй үнэхээр судлаач нараа оролцуулж байгаад үндсэн хуулийн өөрчлөлтөө явуулчихая. Тэр нь том зургаар нь улсаа харах том шалтгаан болж мэднэ.