Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл уулзалт 7 хоног тутам болж байна. УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооноос санаачлан хийж буй уг уулзалт ач холбогдолтой, асуудлыг ул сууриар нь харсан, хэлэлцүүлэг өрнүүлсэн, мэтгэлцсэн болох учиртай юм.
Гэтэл өчигдөр /2023,01,11/ болсон хурлын үед өнөөх л Б.Жаргалсайхан, Зөв ба үнэн намын Отгонбаатар гэх мэт улиг болсон. Үг нь үнэн гэхээсээ илүү үзэл бодлын тулгалт болчихсон нөхөд шал хэрэггүй, санал биш бодол тулгаад зогсож байна. Бас болоогүй Жагар гэх мэт жаахан ном уншиж мэдлэг хуримтлуулаагүй нөхөд мэддэг юм шиг, уншсан аятай утгагүй хэдэн өгүүлбэр хэлээд сууж байна. Эдгээр хүмүүсийг үгийг сонсож хайран цаг үрэхгүй байя.
Иргэний хөдөлгөөний гэж өөртөө нэр өгч, элдэв хурал зөвлөгөөн, хаана юу л болно тэнд тууж явдаг хэсэг бүлэг байна аа. Шийдэл байхгүй, шүүмжлэл гэх утгаараа шүлсээ үсэгэж байдаг. Тэднээс өөдтэй нэг үг гарахгүй. Үндсэн шалтгаан юу юм вэ? гэдгийг олж харах чадалгүй. Харин төр засаг болохгүй байна. Түмэн олон ядуурч байна гэсэн жижүүрийн хэдэн үгээрээ жигүүр хийж, жаахан муулж аваад санаа нь амарч суудаг. ийм нөхдийн үгийг бүү сонс.
Үүний тод жишээ бол өчигдөр нэгэн бүсгүйн үг байлаа. Хараалийн үгээр урсгаж, хамаг хүмүүсийг муулж, үсчин ярих агаад түүнд шийдэл, гарц гаргалгаа үнэндээ алга. Гагцхүү эрх мэдэлтэй, улс төрчдийг харааж, зүхэж л байвал түүний гол баясгалан бололтой.
Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл гэж буй юм чинь шийдэл ярьж чадах, шийдэл гарц гаргалгааг боловсруулж чадах, уншиж судалдаг эрдэмтэн судлаачдаа оруулж хэлэлцүүлгээ үр дүнтэй болгоё. Судалдаг гээд солиотой тэнгэр газар ярьсан эрдэмтэн нэртэй хүмүүс бас хэрэггүй. Даруу төлөв, хийж хэрэгжүүлэх бодлогоо мэддэг, хэдэн улс төрчдөд зөв зөвлөгөө өгчих, гадаад дотоодын хуулиа, гарц шийдлээ харьцуулаад харчихдаг чадалтай хүмүүсээ сонсохгүй бол ижил өнгөтэй, ижил яриатай, ижил түвшинд боловсролгүй хүмүүсээр туг хийгээд яах билээ дээ.