Монгол Улсын Засгийн газраас дахиад л бэлэн мөнгө тарааж иргэдээ авлигалдах нь бололтой. Нүүрсний хулгай, хөгжлийн банкны луйвар гэх мэт томоохон хэргийг ил гаргаж, түүнийгээ хууль хяналтын байгууллагаар шалгуулж төр шиг ажиллаж буй Л.Оюун-Эрдэнийн засгийн газар эргээд бусдаасаа ялгарахгүй алхамруу орох нь ээ.
2023 онд ээлжит бус сонгууль болж магадгүй. Үүнийг угтсан өнөөх л иргэдээ авлигалддаг эрх баригчдын зан цухуйж эхлэв. Тэд зүгээр ч нэг авлига өгөхгүй. Эргээд эдийн засгийн хөөсрүүлнэ. Үнийн өсөлтийг бий болгоно. Иргэдийн худалдан авах чадварыг үгүй хийнэ. Энэ бүх горыг иргэн та амсах болно. Мөнгө авах сайхан мэт боловч, тэрхүү мөнгө танд нэг, эсвэл хоёр өдрийн хоолны тань хэрэглээг хангах биз. Харин үлдсэн хоёр, гурван зуун өдрийн тань хямралын эхлэл байх болно гэдгийг бодох хэрэгтэй.
Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэхдээ цагаан сарын өмнө, эсвэл удахгүй "Эрдэнэс таван толгой" ХХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг тараах тухай ярилцаж буй гэдэг мэдээллийг өгөв. Уг нь 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр тараах хэрэггүй. Харин үүний оронд улс оронд хэрэгтэй, хөгжилд тустай томоохон бүтээн байгуулалтад оруулчихвал үр дүнтэй юм гэх яриа хэдхэн сарын өмнө болж, бас шийдвэр гарч байлаа. Гэтэл нэг шийдвэрээ нөгөөгөөр үгүйсгэдэг улс төрчид дахиад л иргэдэд таалагдах гэсэн увиагүй үйлдлээ хийж эхлэв.
УИХ-ын эдийн засгийн байнгын хорооноос тогтоол гаргаж буй. УИХ-ын уг тогтоолд "Эрдэнэс таван толгой" ХХК чиглэлд өгч буй. Уг нь нүүрсний хулгайг ил болгох, илүү сайжрах тухай чиглүүлэх байтал УИХ-ын гишүүдийн попролт хэрээс хэтэрч тогтоолын төсөлд компанийн ТУЗ-ийн ажлыг шигтгээд өгч буй харагдана лээ. Үүнд нь өнөөх 1072 хувьцааны ногдол ашгийг тараах үг өгүүлбэр тууж явна.
Ийнхүү эдийн засгийн алуурчин сэтгэлгээгээр Засгийн газар хандаж эхлэв. Хэрэв 1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сарын өмнө тараах юм бол инфляци өсч, иргэдийн нуруун дээр ирэх үнийн дарамт нэмэгдэх болно. Авсан жаахан мөнгөө хэд нугалж төлөх эрсдэл бидний өмнө байна аа.