УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.
-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг Монгол Улс анх удаа баталлаа. Энэ хуулийг баталснаар ямар давуу тал бий болох вэ?
-Аливаа ардчилсан орны төрийн бодлого бол заавал иргэдийн оролцоотой, иргэдээс асууж, иргэдээ сонсож шийдвэр гаргадаг байх ёстой. Ялангуяа өнөөдөр төрийн болон улс төрийн намуудын нэр хүнд унаж байгаа үед иргэдийнхээ итгэлийг сэргээх хэрэгтэй. Ингэхдээ төрийн бодлогыг хэрхэн гаргасан, хэн хэн оролцсон, яагаад ийм үндэслэлтэй шийдвэр гарч байгаа вэ гэдгийг нээлттэй мэдээлэх ёстой.
Үндсэн хуульд өөрчлөлт хийж байгаа тохиолдолд иргэдээс асууж, зөвлөлдөх санал асуулга явуулах нь зөв гэж бодож байна. Яагаад гэвэл Үндсэн хууль иргэн нэг бүрийн амьдралд нөлөөлдөг. Гэтэл өнөөдөр бичиг үсэгтэй, үсэггүй хүмүүсээс Үндсэн хууль асуулаа гэж шүүмжилж байна. Тухайн иргэн бичиг үсэггүй байлаа ч амьдралд нь Үндсэн хууль нөлөөлж байгаа. Тиймээс Монголын төр баян ядуу, ажил төрлөөр нь ялгахгүйгээр мэдээлэл өгч, тэдний санаа бодлыг сонсдог байх ёстой. Энэ бол жам ёсны зарчим. Тиймээс Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг цагаа олж баталсан. УИХ-аас гарч байгаа чухал хуулиудын нэг гэж харж байна.
-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг одоогоор Үндсэн хуультай холбож ойлгож байна. Тэгвэл энэ хуулийг өөрөөр хэрхэн ашиглах боломжтой вэ?
-Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд зааснаар зөвхөн Үндсэн хуулийг өөрчлөх тухай биш. Энэ хуулийг бариад иргэдийн ахуй амьдрал, хот төлөвлөлт, бэлчээр ашиглалт гэх мэт иргэдийн амьдралтай шууд холбоотой асуудлаар зөвлөлдөж болно. Бэлчээр ашиглалт бол малчдын хувьд чухал сэдэв. Гэтэл малчдаас огт асуухгүйгээр аймаг орон нутгийн удирдлага, УИХ-аас шийдвэр гарчихвал нөхцөл байдал зөрчилдөх магадлалтай. Тиймээс олон хүний амьдралд нөлөөтэй асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулдаг байх нь ардчиллын нэг хэлбэр. Манайд бол төлөөллийн ардчилал, шууд ардчилал гээд хоёр хэлбэр ярьж байна.
Шууд ардчиллын жишээ бол нийтийн хурал дээр иргэдээс санал асууж, шийдвэрлэх тухай асуудал байдаг. Үүнд зөвлөлдөх санал асуулгыг ашиглах боломжтой.
Төлөөллийн ардчилал гэдэг нь УИХ шийдвэр гаргахдаа иргэдээс асуугаад, иргэдийн саналын дагуу асуудлаа хэлэлцдэг. Энэ жишээ бол сая Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Анхдугаар зөвлөлдөх санал асуулга дээр хэрэгжсэн.
-Иргэдтэйгээ зөвлөлдөж, шийдэхийн давуу тал нь юу вэ?
-Тухайн асуудлаар ямар ч мэдээлэлгүй байгаа иргэн дээр очоод зөв, бурууг дугуйлаад өгөөч гэдэггүй. Иргэддээ маш олон талын мэдээлэл өгөөд, сайн тал, сөрөг тал, таны амьдралд нөлөөлөх нөлөөлөл, улс оронд нөлөөлөх нөлөөллийн талаар мэдээлэл өгдөг. Иргэд мэдээлэлтэй болсны дараа та ямар шийдвэр гаргах вэ, алийг нь дэмжих вэ гэж санал авдаг нэг хэлбэр юм.
-Аймаг, орон нутгийн асуудлыг зөвлөлдөж шийдэх нь үр дүнтэй байх л даа. Гэхдээ Үндсэн хууль бол Монгол Улсын иргэн бүрт хамаатай асуудал. Томоохон асуудлыг шийдэхийн өмнө иргэдээс асуух нь эрсдэлтэй юм биш үү. Иргэд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя” гээ санал өгвөл ямар ч хуулийн төсөл ороод ирэх юм билээ гэх болгоомжлол бий. Харин та юу гэж харж байна вэ?
-Ийм болгоомжлол байж болно. Гэхдээ мэдээлэлгүй хүмүүсээс асуугаад шийдчих вий гэдэг талдаа байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар шийдэх нь зөв гэж улс төрийн нам, эрдэмтэд саналаа хэлсэн. Би “Үндсэн хуульд саналаа өгсөн” гэдэг иргэн хүний итгэл чухал. Гэхдээ мэдээлэл өгөөгүй байж Ард нийтийн санал асуулга явуулсны улмаас асуудал нь гацчихсан жишээ Италид байна. Мөн Англи улс Европын холбооноос гарах эсэх санал асуулга явуулсан. Үүний дараа 2-3 долоо хоногийн дотор Google хайлтаар “Европын холбоо гэж юу вэ” гэдэг асуулт маш олон гарсан гэдэг. Өөрөөр хэлбэл, мэдээлэлгүй иргэн саналаа өгсний дараа шуугиад эхлэнгүүт “би юунд санал өгөв” гээд харж байх жишээтэй. Тэгэхээр Ард нийтийн санал асуулга хангалттай хэлэлцүүлэггүйгээр явуулах юм бол ийм сөрөг тал гардаг гэж шүүмжилдэг. Би бол үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Зөвлөлдөх санал асуулгын ялгаа нь эцсийн шийдвэр гаргадаггүй. Хааяа хүмүүс социологийн судалгаа авдаг шүү дээ. Социологийн судалгааг зүгээр л дугуйлуулаад авчихдаг бол зөвлөлдөх санал асуулга нь хангалттай мэдээлэл өгч байгаад дугуйлуулж авдаг. Зөвлөлдөх санал асуулгын үр дүнг зөвлөмж болгон хэрэглэж байгаа болохоос эцсийн шийдвэр болгох гээгүй. Тиймээс би бол социологийн судалгааны сайжруулсан хувилбар гэж харж байна. Тэр дундаа ухамсартайгаар тандаж мэдэх зөв хэлбэр. Тиймээс эмзэглэх асуудал биш.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах одоогийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог тусгаагүй. Яагаад гэвэл ажлын хэсэгт орсон бүх хүнд “Иргэд дэмжихгүй байх” гэсэн болгоомжлол байна. Хэрэв УИХ-ын эдлэх ёсгүй эрх гэж хэлээд байгаа сайд томилдог, төсөв хуваарилдаг эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлээд өгчих юм бол аяндаа гишүүдийн тоог нэмэх хэрэгцээ шаардлага тулгарна. Иргэд ч түүнийг нь ойлгоод ирнэ гэж харж байна.
-Зөвлөлдөх санал асуулга явуулж, асуудлаа шийдвэрлэдэг улс орон хэд байдаг бол?
-Зөвлөлдөх санал асуулгын сэдвийг би нэлээд судалж үзсэн. Энэ хуулийг дэлхийн 30 гаруй улсад хэрэглэдэг. Тэдгээр улс орнууд бол иргэдийн санаа бодлыг тандаж мэдсэний үндсэн дээр шийдвэр гаргадаг. Монгол Улс үүнийг цаашид хэвшүүлэх ёстой гэж үзэж байна. Зөвхөн Үндсэн хуулийг өөрчлөхөд ч биш. Аймаг, орон нутгийн удирдлага ашиглаж, жишиг тогтоогоосой.
-Дөрөвдүгээр сард зохион байгуулсан Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Үндэсний статистикийн хороо санамсаргүй түүврийн аргаар иргэдийг сонгосон. Зөвлөлдөх санал асуулгад ард түмний төлөөлөл ирсэн. Дандаа эрдэмтэн мэргэд, дандаа бичиг үсэггүй хүн ирээгүй. Монголын ард түмний тусгал бүрдүүлэхэд Үндэсний статистикийн хороо сайн ажилласан. Зөвлөлдөх зөвлөлд хөндлөнгийн хүмүүс томилогдоод сонголтыг нь ажигласан. Сонголт бол үнэхээр санамсаргүй хийгдсэн. Зохион байгуулалтын хувьд богино хугацаанд сайн хийсэн гэж харж байна. Үр дүнгийн тухайд би сайн, муу гэж шүүх нь төдийлөн зохистой биш болов уу. Яагаад гэвэл Зөвлөлдөх санал асуулгын үр дүн бол нийгмийн тусгал. Миний хувьд, судлаач хүний нүдээр хараад дэмжинэ, дэмжихгүй гэж бодож байсан асуудалтай ойролцоо санагдсан. Ард түмэн ухаантай хэрсүү. Явж, явж ард түмний сонголт тодорхой хэмжээгээр ноён нуруу илэрхийлдэг. Тэр утгаараа Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүнд хүндэтгэлтэй хандаж байгаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар таны хүлээж байгаа үр дүн юу вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хүсэн хүлээх маш чухал хоёр зүйл байна. Нэгдүгээрт, Монгол Улсад хариуцлагын тогтолцоо бий болно. Хэн хариуцлага хүлээдэг нь хариуцлагатай болоод ирнэ. Парламентын засаглалтай оронд Ерөнхий сайд нь хариуцлага хүлээдэг. Ийм нөхцөлд Ерөнхий сайд Засгийн газрын сайд нараа өөрөө томилох эрх мэдэлтэй байдаг. Ерөнхий сайдад ийм хариуцлага тодорхой хэмжээний эрх мэдэл өгч байгаа юм бол парламентад сонсгол хийдэг байх ёстой. Ийм хариуцлагын тогтолцоо бий болсноор ард түмний хайгаад байгаа хариуцлагын тогтолцоо бий болно. Нэгдүгээр том хүлээлт ололт бол энэ юм. Хоёрдугаарт, Монгол Улс мэргэшсэн тогтвортой төрийн албатай болох ёстой. Энэ суурийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бий болгох ёстой гэж бодож байна. Монголын төр засгийг тогтвортой, хариуцлагатай, мэргэшсэн, ёс зүйтэй болгож байж улс орон хөгжинө.
-Өөрөөр хэлбэл, супер Ерөнхий сайдтай болох нь зөв гэж та хэлэх гээд байна уу?
-Улс орны ачаа, хамгийн том хариуцлага Засгийн газрын нуруун дээр явдаг. Парламент УИХ бол ард түмнийг төлөөлж хууль тогтоодог, дээд эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага. Гэтэл өнөөдөр манайд энэ хоёр байгууллагын үүрэг хариуцлага хутгалдсанаас болоод хариуцлага хаана байгааг бид олохоо больчихсон. Тийм учраас улс орны өдөр тутмын ачааг үүрч явах үүргийг Засгийн газарт өгөөд УИХ бол сайд томилоод төсөв хуваарилаад сууж байдаг биш хууль баталж, хэрэгжилтэд хяналт тавьдаг болъё. Өнөөдөр Монгол Улс 76 даргатай юм шиг болчхоод байгаа. Яагаад гэхээр 76 гишүүн сайд томилоод, төсөв хуваарилаад байгаа юм. Үүнийг би хувьдаа эдлэх ёсгүй эрх гэж хардаг. Тэгэхээр энэ эрхийг Засгийн газар өгөх нь зүйтэй. Ийм процессыг бид шинээр гаргаж ирсэн юм биш. Парламентын засаглалтай бүх улс оронд ийм зарчим байдаг. Тэр жишиг рүү оръё гэж байгаа юм. Ганцхан өгүүлбэрээр хэлбэл сонгодог парламентын тогтолцоог бий болгоё.
-Одоо бол бодлогын дөрвөн сайдыг УИХ-д суудалтай байлгах нь зөв гэж яригдаад байгаа. Тийм шаардлага байна уу?
-Хариуцлагыг чиг үүргээр нь салгаад, “давхар дээл”-ний асуудлыг шийдээд өгөх нь зөв гэж харж байна. Ер нь парламентын засаглалтай оронд УИХ-ын гишүүн Засгийн газарт байдаг жишиг байдаг. Яагаад гэвэл УИХ, Засгийн газар ойлголцох ёстой. Энэ хоёр байгууллага хоёр тийш салчих юм бол улс төрийн зөрчил хурцаддаг. Тийм учраас тодорхой хэмжээний давхцал байх ёстой. Гэхдээ манайх шиг цөөхөн парламенттай улсад олон хүн сайд, гишүүн байхын хэрээр ажил үүргийн давхцал, хөл толгойгүй байдал нэмэгдээд байдаг. Тэгэхээр яагаад Үндсэн чиг үүргийн яам гэж хязгаарлаж байгаа вэ гэхээр манай парламент цөөхөн гишүүтэй болохоор ингээд байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламент мөнгө хуваарилдаг эрхийг Засгийн газарт өгч чадах юм бол УИХ-ын гишүүдийн тоог зайлшгүй нэмэх ёстой. Яагаад гэхээр УИХ бол чанартай хууль баталж, улс төр, эдийн засгийн нөлөөнд бага автдаг байхын тулд тоо нь олон байх ёстой. Монгол Улс шиг 3 сая иргэнтэй улсад доод тал нь 120 гишүүнтэй байх ёстой. Манайх хоёр сая хүнтэй байхдаа 76 гишүүнтэй болсон. Дахиад нэг сая хүн нэмэгдсэн гэхээр ядаж 38 гишүүн нэмэх ёстой.
Иргэдийн тоо өсөхийн хэрээр улс орны ачаа, хууль батлах эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Өнөөдөр манайх хэтэрхий цөөхөн гишүүнтэй байгаа нь “парламент муу ажиллаа” гэж шүүмжлүүлэх шалтгаан гэж харж байгаа. Яагаад гэвэл нэг гишүүн олон байнгын хороонд орж ажиллахын хэрээр чанаргүй хууль болдог. Гишүүд ирц бүрдүүлэх хэрэгтэй болдог, кноп дарах хэрэгтэй болдог. Чанаргүй хууль гарах шалтгаан нь мэргэшсэн байнгын хороо дамжаагүйн шинж. Хоёрдугаарт, нөлөөнд автаж байна. Нэг байнгын хороонд 8, 9 гишүүн хууль гаргаад сууж байгаа нь нөлөөнд автах магадлалыг нэмэгдүүлдэг.
Гуравдугаарт, хүчтэй хяналт хэрэгжүүлж чадахгүй. Эрх мэдэлтэй Засгийн газрыг хянаж чадахгүйд хүрч байгаа юм. Тэгэхээр Засгийн газрын эрх мэдлийг бодитой шилжүүлчих юм бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлага зайлшгүй тулгарна.
-Өнөөдрийн нөхцөл байдалд УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэхээр ард түмэн зөвшөөрөх болов уу?
-Өнөөдөр нөгөө 76 гишүүн чинь эдлэх ёсгүй эрх эдлээд байгаа учраас би ч гэсэн дэмжихгүй. Яагаад гэвэл 76 хүн албан тушаал, мөнгө төгрөг хуваарилж байна. Ийм нөхцөлд тоогоо нэмж хэрхэвч болохгүй.
-Та бид хоёр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал гээд ярихаар одоогийн Үндсэн хуулийн төсөлд тусгах гээд байгаа мэт ойлголт төрөх вий.
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах одоогийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог тусгаагүй. Яагаад гэвэл ажлын хэсэгт орсон бүх хүнд “Иргэд дэмжихгүй байх” гэсэн болгоомжлол байна. Хэрэв УИХ-ын эдлэх ёсгүй эрх гэж хэлээд байгаа сайд томилдог, төсөв хуваарилдаг эрх мэдлийг Засгийн газарт шилжүүлээд өгчих юм бол аяндаа гишүүдийн тоог нэмэх хэрэгцээ шаардлага тулгарна. Иргэд ч түүнийг нь ойлгоод ирнэ гэж харж байна.
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх санал Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үед гарч байсан. Гэхдээ иргэд дэмжихгүй байх шиг байна. Таны бодлоор Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь хэр зэрэг зохимжтой вэ?
-Ер нь бол парламентын засаглалтай орны жишгээр Ерөнхий сайдад эрх мэдэл өгч, Ерөнхийлөгчийн зарим эрх мэдлийг хасах нь зөв. Гэхдээ Ерөнхийлөгчийг эхний ээлжинд бүх ард түмнээс сонгох нь зөв юм гэж зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь дэмжсэн. Би ч гэсэн магадгүй энэ нь зөв байх талтай гэсэн байр суурьтай байна.
Т.Давааням
эх сурвалж: news.mn