Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал өнөөдөр бий болчихоогүй. Өнгөрсөн 30 жилд Улаанбаатар хотыг удирдсан үе үеийн дарга нарын буруу бодлого, оновчгүй шийдвэр, төсвийн мөнгийг буруу зарцуулсан зэргээс шууд үүдэлтэй. Нэг үгээр хэлбэл Улаанбаатар утаатай, түгжрэлтэй, хогтой, замбараагүй, барилгажсан ой болсон гол шалтгаан бол үе үеийн хотын удирдлагын балаг. Үүнийг засах, сайжруулах гэж дараа дараагийн дарга нар ажил авдаг. Түүнээс Улаанбаатар хотын иргэд дарга болоод өг гэж хэнийг ч гуйдаггүй. Өөрсдөө хүсч дарга болдог. Өнөөдөр Нийслэлийн засаг даргаар ажиллаж буй Д.Сумьяабазар бол УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байгаад Нийслэлийн засаг дарга болсон. Тэр өөрөө хүссэн учраас болсон гэсэн үг.
Нийслэлийн засаг дарга өөрийгөө магтуулах ёстой гэж бодоод байх шиг байна. Хийх ёстой ажлаа хийсэн бол алга ташилт горьдох хэрэггүй. Улаанбаатар хот 107 шинэ автобусыг хүлээн авчээ. Өнөөдөр 30 автобус үйлчилгээнд гарч байна. Удахгүй мөн 100 автобус орж ирнэ гэнэ. Цаашид 300 автобус худалдан авахаар ажиллаж буй гэнэ.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд автобус буюу нийтийн тээврийн шинэчлэл огт хийгдээгүй байна. Иймээс энэ асуудлыг шийдэхийн тулд ажиллаж байна хэмээн Нийслэлийн удирдлага цээжээ дэлдээд байна. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотыг удирдсан хүмүүс хийгээгүй л ажил. Бас ихэнх нийтийн тээврийн компани хувийн хэвшлийнх. Тэд бас ажлаа хийгээгүй л байна. Хийлгэх шахалтыг Нийслэл үзүүлээгүй байна.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудал бүрийг шийднэ. Аз жаргалтай хот болгоно гэж амлаж, бас ажлаа авсан хүмүүс өнөөдөр Улаанбаатар хотын удирдлагын түвшинд ажиллаж буй.
Хийх ёстой ажлын тань нэг бол нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдвэрлэх юм. Хэдэн автобус хэрхэн оруулж ирэх,хэчнээн төгрөг зарцуулах вэ? гэдгийг өөрсдөө шийднэ. Гагцхүү иргэд үнэн шударгаар, зах зээлийн ханшаар автобус оруулж буй эсэхэд хяналт тавина. Автобус авчирлаа гээд алга ташихгүй гэдгийг ойлго Д.Сумьяабазар даргаа. Та бол ажлаа л хийж буй. Хийх ёстой ажлаа хийчээд хэнээс магтаал хүснэ вэ? Магтах шаардлага алга.