Цэргийн албан хаагчаар ажил хийлгэсэн этгээдийг шүүхээр болжээ

Цэргийн албан хаагчаар ажил хийлгэсэн этгээдийг шүүхээр болжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт нийт 230 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Тухайлбал, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар ажиллаж байсан Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Хугацаат цэргийн алба хаагч Н-г Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах тус цэргийн ангиас зөвшөөрөлгүй гарган, 20 хоногийн хугацаанд гэрээ байгуулалгүйгээр ажиллуулж, бусдад давуу байдал бий болгожээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Түүнчлэн хяналтын ажлын явцад мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 441 даалгавар бичгээр өгч, гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 2 мэдэгдэл хүргүүллээ.

Эх сурвалж: УЕПГ