“FEARBOOK-3” КИНО ТАНЫГ  ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ОЙЛГОЛЦОХОД ТУСЛАНА

“FEARBOOK-3” КИНО ТАНЫГ ӨСВӨР НАСНЫ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ОЙЛГОЛЦОХОД ТУСЛАНА

“АБУ” филмийн бүрэн хэмжээний уран бүтээл болох “FEARBOOK” цуврал киноны гуравдах анги "Cyber Killer" 2023 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр "NEXT CINEMA" кино театрт нээлтээ хийлээ. Тус кинонд гар утасны донтолт, үе тэнгийнхний дээрэлхтэл, сошиал гадуурхалтын тухай өгүүлжээ.

Тус уран сайхны кино нь өсвөр үе, хүүхэд залуучуудад зориулсан ч гэлээ томчууд ч үзүүштэй кино болсон байна.

"АЙДСЫН НОМ-3" киноны уран бүтээлчид “Ухаалаг утасны ухаангүй хэрэглээг хязгаарлая” уриан  дор давалгаа үүсгэн нийгэмд эерэгээр нөлөөлөх зорилготой хэмээн Ерөнхий найруулагч П.Ариунбаатар хэллээ. Энэ талаар киноны уран бүтээлчидтэй ярилцлаа.

ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ П.АРИУНБААТАР

FEARBOOK” цуврал кино бол хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан кино. Яагаад хүүхдийн киног аймшгийн төрөл жанраар сонгон хийсэн бэ?

Кино хийх болсон шалтгаан бол зөндөө байгаа.  Монголчууд хүүхдэд зориулсан аймшгийн төрөл жанрын киног мартжээ. Миний мэдэхээр “Бушхүүгийн үлгэр” хүүхдэд зориулсан анхны аймшгийн кино гэж боддог. Тэрнээс хойш тасарсан байсныг үргэлжлүүлэхээр зорьсон. Одоо  хүүхэд бүр өөрсдийн гэсэн цахим хаягтай сошиал орчинд идэвхтэй байдаг. Тэрний цаана аймшгийн киноноос ч илүү бие биенээ дээрэлхэж, гадуурхах, доромжилж, дарамтанд оруулж байгаа нь уран бүтээлч бидний хувьд сэтгэл эмзэглүүлсэн асуудал байлаа.

FEARBOOK” цуврал киноны 1, 2-р анги дээр жижиг хэрэгслийг ашигласан. Гуравдугаар бүлэг дээрээ хэр их жижиг хэрэгсэл ашиглав? 

КУДС-ийг төгссөн нэгэн үеийн залуучууд “АБУ”  филмийг бүрдүүлэн ажилладаг. “АБУ” филм гэдэг нь Монгол галигаар “ААВ” гэсэн утгатай. Бидний зорилго нь үр хүүхэд, ирээдүй хойч үедээ аавын дайтай сургамж, өв үлдээх юм. Манай киноны тайз ийм баялаг байгаа нь “Монгол кино нэгтгэл"-тэй салшгүй холбоотой. Дашрамд хэлэхэд “Монгол кино нэгтгэл"-ийн хамт олонд талархалаа илэрхийлье.

Энэ кинонд өсвөр насны хүүхдүүд тоглосон. Өсвөр насныхны онцлог гэж бий. Хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй байх зэрэг хүндрэлтэй асуудалтай тулгарч байсан уу?  

Зохиолоо уншиж эхэлснээс хойш хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй болж эхэлсэн. Учир нь шилжилтийн насан дээрээ явж байгаа. Өөрсдийгөө баатраар төсөөлдөг. Тэгэхээр дүрээсээ гарахгүй байх уйлах зэрэг хүндрэлүүд гарсан. Тиймээс бид сэтгэцийн эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч, докторууд, Цагдаагийн Ерөнхий газрын “Кибер гэмт хэрэг”-тэй тэмцэх газар, Боловсролын хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагууд хамтран ажилласан.  

Энэ цуврал үргэлжилэхүү?

Эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээг хянаж өөрсдөө бас зөвөөр үлгэрлэдэг байгаасай. Хүүхдүүд гар утсыг зөв зохистой хэрэглэж сураасай гэсэн санааг уран бүтээлдээ тусгадаг. Цаашдаа цувралуудыг үргэлжлүүлэн гаргах төлөвлөгөөтэй  байна

Эхний хоёр анги дээр гар утасны буруу хэрэглээний талаар оруулсан байсан бол шинэ ангидаа үе тэнгийнхний дээрэлхтэлийг нэмж оруулсан байна. Энэ талаар?

Киногоо хийхээр судалж байхад нэг кэйс миний сэтгэлийг ихээр эмзэглүүлсэн.

30 хүүхэдтэй анги фэйсбүүк групп үүсгэн. Нэг хүүхдийг 29 хүүхэд нийлж гадуурхан доромжилдог байсан. Дарамтанд орсон хүүхэд  амиа хорлохыг завдсан байсан. Сошиал гадуурхалт бол аймшигтай зүйл юм. Тэр хүүхдийн сэтгэл ямар их шархалсан бол. Энэ цуврал бүтэн агуулгаараа бол сошиалын худал, хуурмаг гүтгэлэг цахим гадуурхал хүүхдийн амьдралд ямар том шарх үүсгэж байгааг мөн өөрийн талаарх мэдээллийг цахим орчинд тарааснаар хэрхэн бэлгийн мөлжлөгт өртөж байгаа зэргийг харуулахыг зорьсон.

 Та үзэгч хүүхэд, эцэг эхчүүдэд хандаж үг хэлээч?

Манай кино “Ухаалаг утасны ухаангүй хэрэглээний эсрэг” давлагааг эхлүүлэхийг хичээж байгаа. Утасны ард хүний амьдралыг шийддэг эрин үе эхэлсэн байна. Бид зүгээр өнгөрч болохгүй. Эцэг эхчүүд ч мөн өөрсдөөсөө асуугаарай. Хэзээ хүүхэдтэй кино театр хүүхдийнхээ хүссэн киног үзсэн бэ гэж. Шинэ үеийнхний сэтгэлгээ өөр болсон.

Өдөр бүр утасны хэрэглээг нь хянах гэж үглэж яншиж залхааж байснаас манай киног үзээд дараа нь ярилцах юм бол илүү үр дүнд хүрэх болуу гэж уран бүтээлч бид хичээж ажиллаа.  

ЖҮЖИГЧИН Ц.МИЧИДМАА

FEARBOOK” цуврал кинонд тоглолоо. Сүүлийн кино нь юугаараа онцлог байсан бэ?

Хамгийн анх энэ кинонд тоглоход надад сэдэв нь их таалагдсан. Гар утасны донтолтын эсрэг. Гуравдугаар анги нь өмнөх хоёр ангиасаа цахим гэмт хэрэг, үе тэнгийнхний дээрэлхтлийг оруулж өгснөөрөө онцлогтой. Энэ талаар үеийнхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.

Найруулагчийн зүгээс ямар заавар чиглэл өгч байв?

Аймшгийн кинонд  тоглох нь өөрөөс их дотортой жүжиглэхийг шаарддаг. Өөртөө баймгүй олон араакшин гаргадаг юм билээ.\инээв\ Айна, уйлна, сандарна, инээнэ зэрэг олон араакшин гаргадаг. Энэ тал дээр мэдэхгүй чадахгүй зүйлээ найруулагчаасаа асууж зөвлөгөө авч байсан.

Энэ удаагийн кинон дээрээ олон хүүхдүүдтэй хамт тоглосон болохоор ханьтай байсан гэсэн. Цаг хугацаа хурдан өнгөрсөн үү?

Найзууд, ах эгч нартайгаа байхад цаг хугацаа хурдан өнгөрөхөөс гадна хүнд хэцүү үеийг хамтдаа даван туулж, түшиг тулгууртай гоё байсан. Ах эгч нар маань туршлагатай үнэхээр мундаг.

ЖҮЖИГЧИН Б.НУРКА

Таны тоглосон хэд дэх кино вэ?

Миний тоглосон хоёрдох кино. Урьд нь олон ангит кинонд тоглож байсан. Анхны бүрэн хэмжээний гол дүрд нь тоглосон кино.

FEARBOOK” цуврал кино нь аймшгийн жанрын кино. Ийм төрлийн кинонд тоглоход хэр байв?

Инээнэ, уйлна, айна гээд олон сэтгэл хөдлөлийг гаргахад хүндрэлтэй байсан. Тэр болгонд бэлтгэлээ сайн хийж байсан болохоор гоё кино болсон байх гэж бодож байна.

Найруулагчийн зүгээс ямар заавар чиглэл өгч байв?

Эхлээд зохиолоо уншаад, дүр дээрээ ажиллахдаа найруулагчаасаа зөвөлгөө заавруудаа тухай бүрт нь авч байсан.

Зураг авалт төсөөлснөөр нь хийгдсэнүү? Өөрийгөө хэр тоглосон гэж бодож байна?

Миний төсөөллөөс давсан. Анх зохиолоо уншаад Монголд тийм объект байдгын болуу хаана яаж зураг авалт хийгдэх эсэх нь их сонирхолтой байсан. Тэгээд зураг авалтандаа орсон. Өөрийгөө бодож байснаасаа сайн тоглосон гэж бодож байна.

Үеийнхэндээ хандаж цахим хэрэглээний талаар юу гэж хэлмээр байна?

Цахим орчинд соёлтой байж үеийнхээ хүүхдүүдийг дээрэлхэхгүй байгаарай. Бусдыг хэл яриагаараа онцлог талаас нь битгий доромжлоорой. Бусдад урам өгч, магтдаг байгаарай. Соёлтой байгаарай.

ҮЗЭГЧДИЙН СЭТГЭГДЭЛ

НАЙРУУЛАГЧ З.БАТБОЛД

“FEARBOOK” киног хүүхдийн кино гэж ойлгож ирсэн нь эндүүрэл байсан. Энэ бол нийгэмд маш том шүгэл үлээсэн кино байна. Энэ киногоор өсвөр насныханд болон нийтэд нөлөөлөөд байгаа хоёр том сэдвийг хөндсөн байна. Нэгдүгээрт дэлгэцийн донтолт. Өнөөдөр эцэг, эхчүүд хүүхдээсээ төвөгшөөгөөд гар утсаа май гээд өгчихдөг. Энэ нь нэг ёсны хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл юм.

Хоёрдугаарт сургуулийн орчин дах үе тэнгийнхний дээрэлхтэл. Үүнээс болоод ирээдүйд урам зориггүй, аймхай, хулчгар өөртөө итгэлгүй иргэн төрж байна.

П.Ариунбаатар найруулагч хүүхдийн кино гэж хайнга хандсангүй. Маш хэрсүү, ухаан шаардсан сайн бүтээл болжээ. Энэ бол нас заахгүй Generel буюу G ангиллын кино гэж хэлнэ. Тиймээс эцэг, эхчүүд үр хүүхэдтэйгээ, найз нөхөдтэйгээ, Ерөнхий боловсролын сургуулийн багш сурагчидтайгаа гээд нийтээрээ үзээсэй гэж бодож байна.

ЖҮЖИГЧИН Б.АНХБАЯР

Аав ээжийн хувиар хүүхэдтэйгээ хамт ирж үзлээ. Энэ төрлийн хүүхдэд чиглэсэн кино их ховор байсан. Хүүхдэд зориулсан кино шинээр мэндэлсэнд кино уран бүтээлчдэд баяр хүргэе. Киноны сэдэв нь их зөв, маш их өгөөжтэй байна. Манай хүүхэд өсвөр насны хүүхэд биш ч гэсэн “FEARBOOK”-ийг рекламнаас мэдэж аваад өөрөө үзье гээд ирсэн. Бид багадаа хадны мангаанаас айдаг байсан бол одоо хүү утсаа өгөхгүй бол FEARBOOК гарч ирнэ шүү гэхээр утсаа өгдөг.\инээв\  Тэгэхээр бага насны хүүхдэд ч, өсвөр насныханд ч, эцэг эхчүүдэд ч хэрэгтэй үзүүштэй кино болсон байна.

 Миний  хувьд уран бүтээлч хүн учраас найруулагчийн шийдэл, кино зураг авалтыг мэргэжлийн үүднээс үзлээ. Солонгос нэг ангит кино шиг сонирхолтой өнгө будагтай байлаа. Найруулагчийн баг, зураачийн баг, жүжигчдийн баг “АБУ” филмийн хамт олонд баяр хүргэе. 

 Бэлтгэсэн: Сэтгүүлч И.Энх-Амгалан