Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулах бодлогыг хэрэгжүүлэгч нь элчин сайд нар
Монгол Улсын Засгийн газрын бодлогын салшгүй хэсэгт гадаад харилцааг эдийн засагжуулах гэж тодорхойлсон. Энэхүү ажлын хүрээнд Гадаад харилцааны яам гол бодлогынхоо нэгээр эдийн засагжуулах харилцааг тодорхойлоод байна. Тус харилцааг хэрэгжүүлэгч гол хүмүүс нь Гадаад улсад Монгол улсыг төлөөлж суугаа дипломатууд юм.
Элчин сайд нарын ажлын үзүүлэлтийн нэг нь сууж буй орноосоо хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт татав. Эдийн засгийн ямар боломжийг эрэлхийлэв. Хоёр улсын эдийн засаг, гадаад худалдаанд ямар ахиц авчрав гэдгээр шалгуур үзүүлэлт болгоно. 2022 онд элчин сайд нар хэрхэн ажиллав гэдгийг гадаад яам саяхан дүгнэн ярилцлаа. Энэхүү дүгнэлтийн том хэсэг нь гадаад харилцааг эдийн засагжуулах байсан гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тодотгож байна. Тэрбээр хэлэхдээ: Жишээ нь ОХУ-тай харилцаж буй харилцааны дийлэнх нь дипломатад суурилж байна. Гэтэл нөгөө талд нь эдийн засгийн харилцаа нь уруу хамааралтай. Монгол улсын гадаад худалдаанд экспортын 10 хүрэхгүй хувийг ОХУ эзэлж байна. Хуучин цагт энэ тоо бараг 90 хувь байлаа. Иймээс ОХУ-д суугаа элчин сайдын гол хийх ажил бол тус улстай хийгдэж буй гадаад худалдааны тэнцлийг 50.50 хувь болгох чиглэлд анхааран ажиллах юм. Монгол Улсаас ОХУ-руу экспортлох олон бүтээгдэхүүн байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд ямар бодлого, яаж хийвэл болох тал дээр элчин сайд манлайлал үзүүлж ажиллана. Энэ бодлого БНХАУ дээр ч мөн л ялгаагүй хэрэгжих юм. Гуравдагч хөрш дээр хүртэл ийм асуудлыг хөндөж байна. Үүний нэг нь удахгүй Узбекстанд Монгол улс элчин сайдын яам байгуулна. Энэ нь хоёр улсын хооронд эдийн засгийн харилцаа үүсэж, тэр хүрээнд иргэдийн зорчих хөдөлгөөн, аялал жуулчлал гэх мэт салбаруудын хөгжил нэмэгдэхээр байна. Энэ утгаар нь авч үзэх юм бол гадаад харилцаа бүхэлдээ эдийн засагжиж байна. Бүх л улс орнууд одоо гадаад харилцааны бодлогодоо эдийн засагжуулахыг тэргүүлэх чиглэлдээ болгодог болсон. Монгол улс ч мөн энэ чиглэлд анхаарч байна.
Монгол Усын хувьд гадаад харилцаанд найрсаг хоёр хөршийн бодлогодоо эдийн засагжуулах суурийг илүү анхаарч эхэлсэн гэдгийг Б.Батцэцэг сайдын тайлбараас тодотгож болохоор байна. Энэ хүрээнд боомтын сэргэлтийн бодлого хийгдэж буй. Нөгөө талд нь гадаадад суугаа дипломат төлөөлөгчдийн зүгээс хоёр улсын хооронд эдийн засгийн үр ашигтай харилцаа яаж үүсэх, илүү сайжруулах тал дээр анхаарах боломжийг эрэлхийлэх нь. Элчин сайд гэхээр тухайн улсад сууж, бэлэгдлийн байдлаар ажилладаг цаг ард хоцорч байна. Харин үүний оронд тухайн улсаас Монгол улсад ямар хөрөнгө оруулалтыг яаж авах уу? Эргүүлээд Монгол улс ямар санал тавих уу гэдэг дээр толгойгоо ажиллуулдаг болжээ. Энэхүү ажлыг хийхэд дипломатуудын шалгуур ч нэмэгдэж буйг гадаад харилцааны сайд онцоллоо.