Ерөнхийлөгчийн хориг УИХ-д У.Хүрэлсүхийн нөлөө байгаа эсэхийг дэнсэлнэ

Ерөнхийлөгчийн хориг УИХ-д У.Хүрэлсүхийн нөлөө байгаа эсэхийг дэнсэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд анх удаа УИХ-аас баталсан хуульд бүхэлд нь хориг тавив. Түүний хувьд өмнө нь энэхүү эрхээ эдлээгүй байсан. Харин энэ удаад асуудалд ул суурьтай хандаж, нийгмийн эрх ашгийг илүү анхаарч асуудалд хандав бололтой. 

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал:

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Учир нь:

1. Энэ хуулийг УИХ-д 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хэлэлцэж эхэлснээс хойш хоёр хоногийн дотор баталсан. Энэ нь иргэд, олон нийтийн оролцоог хангаагүй. Ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдийн саналыг аваагүй нь Үндсэн хууль зөрчиж байна.

2. Хүний эрхтэй холбоотой хуулийг батлахдаа олон нийтийн оролцоог сайтар хангаж, тодорхой хэлэлцүүлгийг зохион байгуулж хууль дээдлэх суурь зарчимд нийцүүлэх ёстой.

3. Ерөнхийлөгч хуульд хориг тавих бүрэн эрхтэй. Ерөнхийлөгчид энэ хуулийг нэгдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хүлээн авсан өдрөөс хойш таван өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Хоёр сарын 1-ний өдөр хориг тавих хугацаа дуусаж байгаа. Тэгвэл энэ хуулийн дагаж мөрдөх хугацааг хоёрдугаар сарын 1-ний өдөр буюу Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэд халдах байдлаар уг хуулиудыг зохицуулсан байна.

Дээрх үндэслэлээр хориг тавьж буй учир Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хэрэв Ерөнхийлөгч УИХ-ыг завсарласан үед батлагдсан хуульд хориг тавьсан нөхцөлд УИХ хуралдаж эхэлснээс хойш 14 хоногийн дотор Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг шийддэг. УИХ-ын гишүүдийн 3/1-ээр хүлээн авдаг зохицуулалттай. 

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль бол үнэн хэрэгтээ Н.Учрал сайд барьж орсон болохоос Засгийн газрын даагавар гэж улс төрчид ярьж буй. Энэ үндэслэлээр авч үзэх юм бол УИХ дээр Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх гэдэг хоёр улс төрчийн хэн нь эрх мэдэлтэй буйг илэрхийлэх санал хураалт болно. 

2020 онд бүрэлдсэн УИХ-ын танхим. Үүнд МАН-ын 62 гишүүн, АН-ын гэж хэлж болох 13 гишүүн байгаа. Харин ХҮН-ын нэг төлөөлөл сууж буй. Энэ хүмүүсийн 3/1 нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авна гэхэд л асуудал шийдэгдэнэ. Нөгөө талд нь 3/1-ийн санал хүрэхгүйгээр хүлээн авахгүй гэх шийдвэр бас гаргаж болно. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анх удаа тавьсан хориг учир улс төрд нөлөөтэй байгаа гэдгээ харуулах, мэдрүүлэх нэг алхам нь УИХ дээр хоригоо хүлээн зөвшөөрүүлэх юм. Хэрэв УИХ ерөнхийлөгчийн хоригийг авахгүй гэчих юм бол У.Хүрэлсүх улс төрд жижиг харагдана. Харин эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнэ улс төрд томорч харагдах юм. Иймээс хөшигний цаана У.Хүрэлсүх&Л.Оюун-Эрдэнэ гэсэн тулаан өрнөж байна. Хэн нь хүчтэй, хэн нь нөлөөтэй вэ гэдгээ батлах тулаан нь хоригийг УИХ хүлээн авах эсэх юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга нь Д.Тогтохсүрэн. Түүний хувьд яах аргагүй У.Хүрэлсүхийн тал. Тэр шууд л урваж шарваад намын даргынхаа талд гүйхгүй биз. УИХ-ын дарга мөн л У.Хүрэлсүх талд элэгтэй. Тэгэхээр эрх мэдлийн давуу байдал одоогоор У.Хүрэлсүхэд байгаа. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ Засгийн газарт давхар дээлтэй сайд нарыг оруулсан. Тэр утгаар нь авч үзэх юм бол кнопын давуу байдал Ерөнхий сайдад шилжсэн байж мэднэ. 

У.Хүрэлсүх улс төрд нөлөө байгаа шүү. Дүү нар ахынхаа үгийг сонсож бай гэсэн анхааруулгаа албажуулж чадах уу? аль эсвэл арчигдах уу гэдгийг Ерөнхийлөгчийн анхны хориг дэнслэх нь ээ.