Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлж эхэлсэн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт дурдсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр дараах тайлбарыг өглөө.
Х.Нямбаатар: Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Тухайлбал, иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар татагдахаас өмнө гадагшаа гарч явсан юм. Энэ чиглэлээр АТГ-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж ярилцлаа. Уг хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполын шугамаар АСАП сангаар эрэн сурвалжилна. Нийтдээ 92 хүнийг гадаад улсаас авчрах ажлыг зохион байгуулахаар боллоо.
Хоёрдугаарт, өнөөдөр УЕП-т албан бичиг хүргүүлж байна. Эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна. Өөрөөр хэлбэл, хилээр гарч орохыг нь хориглоод байхад гадаад оронд зорчоод байгаа нь өөр хоорондоо уялдахгүй байгаа учраас "энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч болох вэ, мөрдөгдөгчийн саналаар иргэд санал хүргүүлээч ээ, гадаад паспортод энэ хүмүүст хөдөлгөөнт хязгаарлалт тогтоох мөрдөгчийн саналаар арга хэмжээ авах боломж байна уу" гэх бичгийг хүргүүлж байгаа. УЕП-оос санал ирвэл эдгээр хүмүүсийн паспортыг түдгэлзүүлэх арга хэмжээг манайд хүргүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайд дур мэдэж улсын бүртгэлийн байгууллагад тухайн иргэдийн албан болон энгийн гадаад паспортыг түдгэлзүүлэх чиглэл өгч болохгүй. Гагцхүү, мөрдөгчийн саналыг үндэслэж прокурорын байгууллагаас ирсэн тохиолдолд эдгээр хүмүүсийн гадаад паспортыг түдгэлзүүлэх арга хэмжээг авна.