Хөгжлийн банкны зээлтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр хорооны үдээс хойшхи хуралдаанаар “ “Болор шүр” ХХК-ны зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Тус банкны Хужиртын алтны шороон ордыг ил аргаар ашиглах төсөлтэй холбогдуулан шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.
Шинжээчийн дүгнэлтийг танилцуулснаар, “Болор шүр” ХХК Дорнод аймгийн Баян-Уул сумын Хужиртын алтны шороон ордыг ил аргаар ашиглах төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банктай гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд тоног төхөөрөмж болон үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлнэ гэж заасан байна. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа.
Тухайн компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч нь Ц.Содхүү. Гэрээний дүн 104.8 сая иеэн буюу 2 тэрбум 562 сая 930 мянган төгрөг байсан. Үүнээс 2.34 тэрбум төгрөгийг олгожээ. Зээлийн гэрээний тухайд, 7.5 хувийн хүүтэй, 2017.08.28-12.10-ны хооронд хэрэгжихээр байгуулсан байна. Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 1.08 тэрбум төгрөг, үндсэн хүү болон торгуульд 0.07 тэрбум төгрөг төлсөн.
Үндсэн төлбөрийн 1.22 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй,чанаргүй зээлийн ангилалтай. Зээл олголтын хувьд Хөгжлийн банкны эрсдэлийн үнэлгээ удирдлагын газар нь төслийн санхүүжилтын зээлийн удирдлагын газраас 2017.08.02-ны өдөр хийсэн зээл олгох тухай танилцуулгад үндэслэн тус төслийг тодруулгатайгаар буцаах саналыг 2017 оны наймдугаар сарын 10-ны өдөр дүгнэлт гаргасан.
Гэвч зээлийн хорооны 2017.08.16-ны өдрийн 2017 дроп 62 дугаар дүгнэлтээр зээлийн дүнг барьцаа хөрөнгөд нийцүүлэн 2 тэрбум 562.93 сая төгрөг болгон бууруулж зээл олгохыг дэмжсэн байна.
Мөн Хөгжлийн банк болон “Болор шүр” ХХК-ны хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.3-т зээлийн хоёр дахь ээлжийн санхүүжилтыг олгохдоо зээлийн хөрөнгөөр худалдан авах хүнд даацын тоног төхөөрөмжүүдийг банк анхдагч хэрэгтэйгээр барьцаалж дөрөв дэх санхүүжилтыг олгоно гэж заасан ч “Болор шүр” ХХК-иас ирүүлсэн 2017.09.5-ны А11 дүгээр албан бичгийг үндэслэн 1.32 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Зээлийн зарцуулалтын хувьд, Хөгжлийн банк болон арилжааны банкан дахь 504883 дугаартай харилцах данснаас үзэхэд, Л.Чулуунбаатар нь 2017.08.30, 2017.09.05-ны өдрүүдэд бэлэн зарлага, эргэлтийн хөрөнгө, бензиний зарлага гэсэн гүйлгээний утгатайгаар 3 удаагийн гүйлгээгээр нийт 996.5 сая төгрөгийг, иргэн Ц.Содхүү нь 2017 оны 09.07-2017.12.23-ны өдрүүдэд сэлбэг, тоног төхөөрөмж, техник технологийн зардал, цалин зэрэг гүйлгээний утгатай 21 удаагийн гүйлгээгээр 1 тэрбум 314.4 сая төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийсэн тул зарцуулалтыг бүрэн нягтлах боломжгүй байна. Зээлийн гэрээний заалтыг зөрчиж хоёр дахь шатны санхүүжилтыг олгосноос зээлийн хөрөнгөөр худалдан авахаар заасан хүнд даацын тоног төхөөрөмжийг барьцаалах боломжгүй нөхцөл үүссэн, зээлийн зарцуулалтыг нягтлах боломжгүй, зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн талаар гэрээний заалтаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Зээлийн удирдлагын хорооны дүгнэлт болон дүгнэлтээр үндэслэл болгосон дүгнэлт юм.
-------------------------------------------------------
Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуулт хариулт үргэлжилж байна
Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:
-Буцаах гэсэн дүгнэлт гарсан байхад гаргасан шийдвэрийг дэлгэцэд өгье. Буцаах гэсэн дүгнэлтэд танд тайлбар байна уу Б.Уянга.
Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Б.УЯНГА:
Шинжээч бага зэрэг буруу тайлбар өглөө. Зээлийн хорооны дүгнэлтэд үндэслэж эрсдэлийн дүгнэлт гардаггүй. Зээлийн шинжилгээ танилцуулгад эрсдэлийн дүгнэлт, хуулийн дүгнэлт,актив пассив хөрөнгийн буюу өөрөөр хэлбэл, эх үүсвэрийн дүгнэлт гэж тус тусдаа гардаг. Зээлийн шинжилгээний танилцуулгыг бусад газрын зээлийн дүгнэлтүүдтэй хамт зээлийн удирдлагын хороонд танилцуулдаг. Дараа нь гишүүд зөвшөөрсөн эсэх асуудал зурагдаж, зээлийн удирдлагын хорооны дүгнэлт гарч, гүйцэтгэх захирлын тушаал гардаг. Тиймээс эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсныг тухайн газраас танилцуулсан байгаа. Хороодын гишүүд зөвшөөрч гарын үсэг зурсан.
Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:
-Энэ тухайд та хариулт өгнө үү. Түрүүн таных танилцсан гэсэн гарын үсэг байсан бол дараа нь зөвшөөрсөн гэсэн гарын үсэг байна.
Хөгжлийн банкны эрсдлийн газрын захирал асан Г.ДӨЛГӨӨН:
-Тухайн үед Хөгжлийн банкны эрсдлийн удирдлагын газрын захиралаар ажиллаж байсан. Энэ асуудалтай холбоотойгоор өчигдрийн сонсголд бусад зээлүүдэд Хөгжлийн банкны тухайн үе болон өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж буй процессууд нэг бүрчлэн яригдсан. Ерөнхийдөө зээлийн хорооны хурал эхлэхээс өмнө 4 газраас танилцуулгаа авдаг. Эдгээр нь бие даасан хараат бусаар шийдвэрээ гаргана. Гэхдээ толгойлж саналуудаа өгдөг газар нь Зээлийн удирдлагын газар байсан. Зээлийн удирдлагын газар нь шууд харилцагч нарын баримт материалд шинжилгээ дүгнэлт хийж, үүнээс үүдэн актив пассив удирдлагын газар, хуулийн хэлтэс, эрсдэлийн газар луу зэрэг материал явуулж бид бүхэн өөрсдийн дүгнэлтүүдийг хийдэг байгаа. Үүнтэй холбоотой эрсдэлийн түвшинүүдээ тодорхойлж бид бүхэн зээлийн хороонд ярилцдаг. Сая яригдаж буй зээлийн хороо гарын үсэг зурсан гэх зураглалааси лүүтэй гарсан шийдвэрийг үзүүлбэл та бүхэнд тодорхой харагдах байх. Үүнд ерөнхийдөө нөхцөлтэй шийдвэрүүдийг гаргасан. Энэ удаа Мөнхбаяр захирлын хэлсэнчлэн тухайн үед “Алт-2” хөтөлбөр хэрэгжиж байсан, улсын хэмжээнд валютын нөөц буурсантай холбоотой алтны нөөцийг нэмэгдүүлэх зорилготойгоор тухайн үеийн Засгийн газар, төв банкны зүгээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж холбогдох яамдуудтай ярилцаж бид бүхэн санхүүжилт олгосон.Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газар зээл олгодоггүй. Зөвхөн өөрсдийн санал дүгнэлтээ танилцуулж шаардсан нөхцлүүдийг оруулж өгдөг. Зээлийн удирдлагын газар нь аливаа чиг үүрэгт оролцдоггүй байсан.
БАНК МЭДЭЖ БАЙГАА БОЛ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ЗЭЭЛИЙГ ДЭМЖИЖ ГАРГАДАГ
Хөгжлийн банкны төслийн санхүүжилтын газрын захирал асан Ч.МӨНХБАЯР:
-Зээлийн эрсдэлийн түвшинг тогтоож, зээлийг шийдэх эрх нь зээлийн хороонд байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн эрсдэлүүдийг банк яаж удирдах вэ гэдгийг мэдэж буй тохиолдолд өндөр эрсдэлтэй зээлийг дэмжиж гаргадаг.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
-Г.Дөлгөөн захирал Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хэвээрээ юу?
Хөгжлийн банкны эрсдлийн газрын захирал асан Г.ДӨЛГӨӨН
-Ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байгаа.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
-Сэтгүүлчид асуулгаж байна, шийдвэр гаргах процесст зээлийн удирдлагын газрын дарга чухал үүрэгтэй. Гэтэл яллагдагч гэх нэрнээс сугалуулсан байна. Сугалуулсан 3 хүний нэг нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн. Учир нь, Хэнтий аймгийн гарал үүсэлтэй ийм хүн гэж байна. Таны яллагдагч гэх статус байна уу. Мөн Ч.Мөнхбаяр та яллагдагч гэх статустай байгаа юу, үгүй?
Хөгжлийн банкны төслийн санхүүжилтын газрын захирал асан Ч.МӨНХБАЯР:
-Т.Доржханд гишүүний асууснаар яллагдагчаар татагдсан хэвээр байгаа.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД
-Г.Дөлгөөн захирал та энэ төсөлд асуудлыг буцаах нь зүйтэй гэсэн эрсдэлийн удирдлагын газрын даргын боловсруулсан бас хэлтсийн даргын боловсруулж гарын үсэг зурсан дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Өөрөөр хэлбэл, одоогийн чанаргүй болсон зээлийг өнөөдрийн байдлаар дүгнэвэл зөв дүгнэлт гаргасан байна гэж харагдаж байна. Гэтэл яагаад зээлийн хорооны хурал дээр 7 гишүүний 5 нь зээлийг дэмжсэн байна, үүний дотор таны гарын үсэг байна дэмжсэн гэж. Өөрөө эрсдэлтэй гэсэн дүгнэлт гаргачихаад тэрийгээ зээлийн хороонд хамгаалдаггүй юм уу. Аль эсвэл нөлөөнд ороод зурсан юм уу.
Хөгжлийн банкны эрсдлийн газрын захирал асан Г.ДӨЛГӨӨН:
-Тухайн үеийн эрсдэлийн үнэлгээ удирдлагын газраас гаргасан дүгнэлтүүдийг шийдвэрүүдийг бүгдийг тусгасан. Нөхцөл хангасан тохиолдолд дэмжинэ гэж дэмжсэн санал өгсөн. Зээлийн үйл ажиллагааны журмын 6.3-т нөхцөлтэй шийдвэрүүд гарч байгаа. Үүнийг хангуулсны эцэст эцсийн санхүүжилт гарах ёстой. Үүнийг Мөнхбаяр захирлын хэлсэнчлэн ТУЗ гаргана. Бид бүхэн эцсийн шийдвэр гаргах хэмжээний хүмүүс байгаагүй.Зөвхөн хорооны зөвлөмжүүдийг өгсөн.
УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:
Мөнхбаяр захирал та өглөө тодорхой байр суурь илэрхийлсэн. Алтны чиглэлээр тухайн үеийн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас шахалт үзүүлж байсан. Өнөөдөр олгосон ихэнх зээл чинь чанаргүй зээлийн ангилалд орсон байна. Хариуцлага нь хаана байна. Өнөөдөр та санал нэг байна уу, Засгийн газар шахсан, хариуцлага тэнд байх ёстой. Түүнээс Хөгжлийн банкны шийдвэр гаргагч нь бид биш гэж та хоёр хэлж байна шүү дээ. Энэ шийдвэр гаргалтад Хөгжлийн банкны ТУЗ хариуцах ёстой юм уу.
ТУХАЙН ҮЕД ОЛГОЖ БУЙ ЗЭЭЛҮҮД АСУУДАЛ ДАГУУЛАХЫГ ТУЗ-Д МЭДЭГДЭЖ БАЙСАН
Хөгжлийн банкны төслийн санхүүжилтын газрын захирал асан Ч.МӨНХБАЯР:
-Алтны салбарын зээл хамгийн өндөр эрсдэлтэй. Санхүүгийн сахилга бат байдаггүй. Иймээс энэ зээлүүдийг сайтар судлах шаардлага гарсан. Би өглөө хэлсэн үгэндээ итгэлтэй байна. Тухайлбал, “Болор шүр” ХХК-ны зээлийг 2017 оны тавдугаар сард буцааж байсан. Энэ компани тухайн үед 4.9 тэрбум зээл хүсч байсан санагдаж байна. Буцаагдаж, дахин 2.8 тэрбум болгож орж ирүүлсэн, судалгаа үргэлжилсэн. Ингээд судалгаанд үндэслэн шийдвэр гаргасан. Г.Дөлгөөн захирлын хэлсэн санаа нь, Хөгжлийн банкны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам гэж бий. Энэ журамд төсөл хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэрийг ТУЗ болон Гүйцэтгэх захирал гаргана. Хэрэв 5 тэрбумаас доош бол Гүйцэтгэх захирлын шийдвэр гардаг. Үүнээс дээш бол ТУЗ-ийн шийдвэр гардаг. Энэ шийдвэрийг банкныхан биелүүлэх ёстой. Хариуцлагын асуудал яригдаж байна, өөрийн үед олгогдсон зээл чанаргүй байгааг харж хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би Хөгжлийн банканд 3 жил ажиллах хугацаандаа 3 жил шүгэл үлээсэн юм. Яаж гэхээр, би ажлаас гарах өргөдлөө ТУЗ-д өгсөн. Хүрч чадах газар минь энэ байсан. Тэгээд 2017 онд өргөдлөө өгч гарсан. Өгч буй зээлүүд болохгүй, ирээдүйд асуудал дагуулна гэдгийг хэлж протоколд тэмдэглэж байсан. Одоо асуудал, хариуцлага ярихад, гарын үсэг зурсан хүмүүс хариуцлага хүлээх байх. Хөгжлийн банк зээлүүдээ төлүүлж авна. Цаг хугацааны хувьд асуудал гарч байна. Гэхдээ зээлдэгч нар зээлээ төлөхгүй бол яах вэ гэсэн асуудал гарна. Тэгэхээр би буруугүй гэж хэлээгүй, буруу байвал буруугаа хүлээнэ. Нөхцөл байдал ийм л байсан.