"Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд 12 компанийн зээлд холбогдуулан 31 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ.
Сонсголоор Төмөртэйн орд-Хандгайтын төмөр замын төсөлд Хөгжлийн банкнаас олгосон зээл, санхүүжилтийн мэдээллийг сонсч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрчээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн банкнаас авсан зээл ямар үр дүнтэй зээл болоод, хэзээ дууссан бэ?
"Кью Эс Си ХХК"-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир: “Манай компани “Уул уурхайн цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр 2010 оноос Дархан төмөрлөгийн үйлдвэр дээр энэ төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулагчаар ажиллаж эхэлсэн. Уул уурхайн металл уургийн цогцолбор төсөл 2014 оны 69 дүгээр тогтоолын дагуу энэ төсөл хоёр үндсэн зорилготой.
Нэг нь бол төмрийн хүдрийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөгөөх нь эрдэс баялагаас ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой төсөл юм.
Төмрийн хүдрийн орд газруудыг, тэр дундаа Төмөртэйн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн ажлуудыг хийх тухай төсөлд тусгагдсан байдаг. Энэ чиглэлээр гурван төсөл тусгагдсан байдаг. Үүний нэг нь Хандгайт төмөр замын төсөл юм. Энэ төсвийн санхүүжилтэд зориулж, Хөгжлийн банканд зээлийн хүсэлт тавьсан. 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд зээл олгогдсон. Төсөл маш амжилттай хэрэгжиж 2015 оны арванхоёрдугаар сард төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Их наяд төгрөгийг “Кью Эс Си” компаниас энэ хугацаанд авч ашигласан. Үүний арав орчим хувь нь Хөгжлийн банкны зээл. Хөгжлийн банкны зээл шийдэгдэж байх үед төмөр замын төсөлд 12 орчим сая ам.долларын санхүүжилтийг хийчихсэн байсан. Хөгжлийн банкнаас хийгддэг зээл бол нэг дор хийгдээд явчихдаг юм билээ. Нэг дор хийгдсэн зээлийг мөнгөн урсгалыг зөв удирдахын тулд өмнө нь байсан зээлүүдийг хаасан. Энэ төсөл амжилттай хэрэгжиж дууссан. Хөгжлийн банкнаас зээл аваад хийсэн энэхүү төсөл зориулалтын дагуу, амжилттай хэрэгжсэн төсөл. Хөгжилд чиглэсэн маш сайн төсөл болж дууссан.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар нийт зээл 71,3 сая ам.доллар. Энэхүү зээлийн тал нь Улаанбаатар хотын банкны Монголбанкны долларын дансыг зузаатгах байдлаар зарцуулагдсан байна. Үүнийг та зориулалтын дагуу хийгдсэн гэж үзэж байна уу?
“Кью эс си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир: “Кью эс си” ХХК өөр дээрээ үүссэн байсан зээлүүдээ хаасан. Тэрхүү зээл хааснаас цаашаа хийгдсэн гүйлгээ манай компанид хамаагүй гэж үзэж байна.
Д.Батчулуун /24tsag.mn/