Б.Мөнх-Од: Прокурор 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн

Б.Мөнх-Од: Прокурор 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.МӨНХ-ОДТОЙ ярилцлаа.

- Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаад байна. Шалгалтын ажиллагаа ямар явцтай байна вэ?

-АТГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт 43 хэрэг бүртгэлтийн хэрэгт хяналт тавин ажиллалаа. Үүнээс 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хоёр хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэлээ. Мөрдөн байцаалтын 15 хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2-д заасан “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэлээр нэгтгэж, мөрдөн байцаалт явууллаа.

-Нийт хэдэн хүн, хуулийн этгээдийг яллагдагчаар татаад байна вэ. Хэдэн хэрэгт ял төлөвлөсөн бэ?

-Нийслэлийн прокурорын газраас 463 хавтас, 115.750 хуудастай хэргийг хянаж, 72 хүн, гурван хуулийн этгээдийн 1270 хуудас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах үүднээс зургаан прокурор зэрэгцэн хяналт тавьсан.

Нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан прокурорын яллах дүгнэлтийг үйлдээд байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах, хахууль авах, өгөх, нотлох баримт хуурамчаар үйлдэх, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэх, ашиглах, худал мэдүүлэх гэсэн зүйл заалтаар дээрх хүн, хуулийн этгээдэд яллах дүгнэлт үйлдсэн.

-Яагаад Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг прокуророос тусгаарлан авч үлдсэн бэ?

-Тийм ээ, сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргээс Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Г.Дөлгөөн, дэд захирал бөгөөд Хяналт шалгалт, Тамгын газрын захирлын үүргийг гүйцэтгэгч байсан Я.Сод- Эрдэнэ, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын хэлтсийн захирал байсан Б.Ринчиндорж нарт хэргийг прокуророос тусгаарлан авч үлдсэн талаар олон нийтэд мэдээлэгдэж байна. Үүнтэй холбогдуулан тайлбар өгөх нь зөв байхаа гэж бодож байна.

Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн прокурорын газарт санал ирүүлсэн. Тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ нарт холбогдох хэргийг тус хэлтсээс шалгаж буй Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ, Б.Ринчиндорж нарт холбогдох “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт нэгтгэн шалгах шаардлагатай гэх үндэслэлээр тусгаарлахыг саналд тусгасан байлаа. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дүгээр зүйлд заасны дагуу Хөгжлийн банкны хэргээс Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ нарын хэргийг тусгаарласан.

Харин прокурорын шатанд Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Ринчиндоржид холбогдох хэргийг дээр дурдсан үндэслэлээр тусгаарлаж шийдвэрлэсэн.

-Мөрдөн шалгах явцад аж ахуйн нэгжүүдийн чанаргүй зээлийн эргэн төлөлт ямар явцтай байна вэ?

-Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураан авах, гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлж байна. Энэ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр 18 иргэн, 20 аж ахуйн нэгжийн 277 ширхэг үл хөдлөх хөрөнгө, долоон иргэн, аж ахуйн нэгжийн 136 ширхэг тээврийн хэрэгсэл, 16 иргэн, 23 аж ахуйн нэгжийн арилжааны банкнууд дахь харилцах болон хадгаламжийн 90 данс, 30 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус прокурорын зөвшөөрлөөр хязгаарлаад байна.

Мөн хуульд заасны дагуу дөрвөн аж ахуйн нэгж, зургаан иргэний 33 үл хөдлөх эд хөрөнгө, 13 тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм, хоёр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг битүүмжиллээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт шалгагдаж байгаа аж ахуйн нэгжүүдэд Хөгжлийн банкнаас 2.3 их наяд төгрөгийн зээл олгосoн байдаг. 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш нийт нэг их наяд 81 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна.

-Мөрдөн байцаалтын явц удаан байна гэсэн шүүмжлэл байна. Хэзээ шүүхэд шилжих вэ?

-Хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх, бодит байдлыг тогтоолгохоор хяналт тавьж буй прокуроруудаас 12 удаа прокурорын даалгавар бичиж, биелэлтийг тооцож ажиллалаа. Хөгжлийн банкны хэргийг шалгах явцад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд нийт 62 удаа тусгай мэдлэг бүхий этгээдийг шинжээчээр томилон, шинжилгээг хийлгүүлсэн. Шинжээчийн дүгнэлтийн талаар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 384 гомдол, 119 хүсэлтийг прокурорын байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлээд байна. Яллагдагчдад цагдан хорих, хязгаарлалт тогтоох зэрэг таслан сэргийлэх арга хэмжээний шүүхийн хэлэлцүүлэгт 266 удаа оролцсон нь хэргийг удаашруулах шалгах шалтгаан нөхцөл болсон.

Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны хэрэгт яллах дүгнэлт үйлдсэнээс хойш яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс 37 гомдол, гурван хүсэлт гаргалаа. Энэ сарын 16-ны өдрөөс хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа явагдаж байна.

Н.ЭНХЛЭН

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003 /24534/