Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсголд 100 орчим гэрчийг оролцуулна

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсголд 100 орчим гэрчийг оролцуулна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах хоёр дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийв. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу сонсгол болохоос долоо хоногийн өмнө олон нийтэд сонсголын талаар мэдээлэл өгөх үүргийнхээ дагуу өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж буйг Б.Энхбаяр гишүүн тэмдэглэв.
 
Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд болно. Ирэх даваа гарагт эхлэх сонсголоор гурван асуудлыг хэлэлцэх аж. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ. Энэ хүрээнд 21 албан тушаалтны гэрчээр дуудна.
 
Гэрчүүдийн дунд 2016 онд Засгийн газраас Хөгжлийн банканд хийсэн хяналт, шалгалтын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсны хувиар УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр өөрөө багтаж байгаагаа мэдээллээ. Түүнчлэн 2022 онд Засгийн газраас Хөгжлийн банканд хийсэн хяналт, шалгалтын асуудлаар Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлагууд, тухайн үеийн хяналт, шалгалтыг ахалж ажиллаж байсан Монголбанкны удирдлагууд нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд гэрчээр оролцох юм байна.
 
Энэ үеэр Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, эргэн төлөлтийн асуудлыг хэлэлцэнэ. Энэ хүрээнд 40 орчим санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн гэдгийг Б.Энхбаяр гишүүн хэллээ. Хянан шалгах шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр, зөрчилтэй эсвэл эргэн төлөлт хангалтгүй байгаа 10 орчим санхүүгийн түрээсийн хэлцэл бий бөгөөд энэ хүрээнд 35 гэрч дуудах нь.
 
Энэ сарын 6-10-ны өдрүүдэд үргэлжлэх нотлох баримт шинжлэх судлах сонсголоор хэлэлцэх гурав дахь асуудал нь Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, хөтөлбөрийн багцууд байх аж. 2012-2016 онд Хөгжлийн банкнаас улсын төсөвт тусгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл, арга хэмжээ бий бөгөөд тэдгээрийн үр дүнг сонсоно. Эдгээрээс тодруулга хийх шаардлагатай хэмээн үзэж, 43 гэрчийг дуудахаар төлөвлөжээ. Гэрчүүдийн дунд Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр, төслийн удирдах хорооны дарга, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж асан Р.Эрдэнэбүрэн, “Молор Констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал асан Б.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Номуун, Б.Номин нарыг гэрчээр дуудахаар мэдэгдэл хүргүүлнэ гэдгээ Хянан шалгах түр хорооны дарга хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
 
 
Сонсголыг ажлын таван өдөр явуулахаар товлосон ч хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг ажлын гурван өдөрт багтаан хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд явуулах боломжтой хэмээн тооцож байгаагаа мөн дуулгасан.
 
 
Ийнхүү ирэх Даваа гарагт эхлэх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсголын талаар мэдээлэл өгсний дараа гэрчээр дуудагдсан ч сонсголд оролцоогүй албан тушаалтан, гэрчийн хүлээх хариуцлага, сонсголын үр дүнгийн талаар сонирхсон сэтгүүлчдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар хариулт, мэдээлэл өгсөн юм.