Авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх шувуу ажиллагааны хүрээнд гадаадад оргон зайлсан хүмүүсийн дотоодоос санхүүжилт хийж байгаа хувийн гадаад дансыг хааж царцаах чиглэлээр хэрэг мөрдөж байгаа, мөрдөх байгууллагуудтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд хамтран ажиллах үүрэг даалгавар өгсөн.
АТГ-т шалгагдаж байгаад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан, мөрдөн байцаах үйл ажиллагааг тасалдуулж байгаа 18 хүний нэр байна. Бусад мөрдөх байгууллагуудад харьяалагдаж байгаа хүмүүс нийлээд 100 гаруй хүнийг эрж хайх, нутагтаа авч ирж мөрдөн шалгах үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэл Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгчээ.
Өмнө нь мөрдөн байцаагчийн саналыг үндэслэж, прокурорын тогтоолоор дээрх хүмүүсийн гадаад паспортыг хүчинтэй бус болгож, гадаад улс орны хилийн шалган нэвтрүүлэх байгууллага руу хүргэх ажил хийгдэж байна. Өнөөдөр эдгээр хүмүүсийн санхүүжилт, Монголоос мөнгө шилжүүлэн авч байгаа дансуудыг хаах чиглэлээр үүрэг болголоо. Ингэхдээ мөрдөгчийн саналыг үндэслэж, прокурорын байууллагатай хамтарч, холбогдох банк санхүүгийн байгууллагуудад тогтоолыг үндэслэж хийхээр төлөвлөсөн гэх мэдээллийг өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өглөө.
Хувийн хэвшлийг дэмжих, төрийн хүнд суртал, төрийн дарамтаас ангид чөлөөтэй хөгжих боломжийг хангах үүднээс төрийн байгууллага албан тушаалтан эс үйлдэл үзүүлж, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад тотгор үзүүлэх үйлдлийг Эрүүгийн хуульд тодотгож, хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг чиглэл өгсөн.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 22.1-т албан тушаалын байдлаа урвуулж ашиглах,үйлдэл эс үйлдэхүйг хуульчилсан байгаа хэдий ч үүнийг дахин тодотгож хувийн секторыг төрийн байгууллагын албан тушаалтины элдэв хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс хамгаалах хууль эрх зүйн орчин, эрүүгийн орчинг тодорхой болгох үүрэг өглөө. Бид дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногт багтааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах том өөрчлөлтүүдийн тухайд эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд авагддаг таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг нэмэгдүүлье. Шаардлагагүй тохиолдолд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй байх, хүний эрхийг хангах, эрүүдэн шүүлгэхийн эсрэг эрх зүйн хамгаалалтыг тогтоож өгөхийн тулд зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг шинээр Эрүүгийн хуульд оруулахаар бэлдэж байна гэх мэдэгдлийг мөн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хийсэн юм.