Монгол Контент компани “Маамуу” нэртэй хүүхэд, багачуудад зориулсан шинэ дүр төрх, брэндийг зах зээлд танилцуулж байна. Тэд үндэсний утга агуулгатай боловч гадаад зах зээлд зориулсан шинэ дүр төрх бүхий хүүхэлдэйн киног бүтээж, үүн дээрээ суурилсан брэнд бүтээгдэхүүнийг бий болгохоор ажиллаж байна. Үүний эхлэл нь шинэ жилийн баярыг угтаж үлгэрийн зурагт болон стикер ном, модон хөлөгт тоглоом, салфетка зэргийг багтаасан “Маамуу” нэртэй бэлгийн багц болж байгаа юм.
Гадны улс орнуудад энэ төрлийн хүүхэлдэйн кинон дээр суурилсан дүрийг лицензтэй болгож, үйлдвэрлэгчдэд зарах байдлаар тухайн дүр дээр суурилсан бараа, бүтээгдэхүүн, тоглоом, үйлчилгээнүүдийг гаргадаг. Манайд Бонго, Цондоолой зэрэг нэвтрүүлэг, ном бүхий хүүхдүүд рүү чиглэсэн контент бүтээгдэхүүнүүд бий. Гэхдээ “Маамуу” төслийн хувьд, хүүхдэд зориулсан дүр бүхий контентийг цогцоор нь гаргаж ирж буйгаараа онцлог байна.
“Маамуу” хүүхэлдэйн киног одоогийн байдлаар 8 ангитай гаргахаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд гаргаад байгаа бүтээгдэхүүнүүдээс олсон орлогоор эргээд хүүхэлдэйн киногоо санхүүжүүлнэ. Хүүхэлдэйн киноны хувьд маш өндөр өртгөөр бүтдэг. Маамуу хүүхэлдэйн киноны нэг анги л гэхэд 70 сая төгрөгийн өртгөөр бүтэж байгаа юм байна.