Япон улсад суралцах оюутнууд батламжаа гардлаа

Япон улсад суралцах оюутнууд батламжаа гардлаа

        Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж Япон улсад суралцах болзлыг хангасан 12 оюутанд батламж гардууллаа. 

      Монгол улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер технологийн мэргэжилтэн бэлтгэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилготой энэхүү төсөл 10 дахь жилдээ сургалт, судалгааныхаа үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн үндсэн гурван хөтөлбөрт одоогоор 888 оюутан, судлаач багш хамрагдсанаас 756 нь төгсөж ирээд мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна.

 

     “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зохицуулагч Д.Намсрай: Өнөөдрийн хувьд бакалаврын зэргийн сүүлийн 3 оюутан батламжаа гардан авлаа. Харин магистр, докторын тухайд ирэх жил хүртэл элсэлтээ авна. МУИС, ШУТИС, ХААИС гэсэн гурван том их сургуулийн багш, судлаачид уг хөтөлбөрт хамрагдан суралцах боломжтой. Тэд зөвхөн суралцаад зогсохгүй Япон улсын 60 гаруй их дээд сургуультай судалгаа хамтын ажиллагааны төслийг амжилттай хэрэгжүүлж, буцаж ирээд инженерийн салбарт сурсан мэдсэнээрээ амжилт гарган ажиллах бүрэн боломжтой. Ажлын байр шаардлагатай шинэ төгсөгчид бүгд ажлын байртай болсон, 9 оюутан нь ажлын байрны сонголтоо хийж байгаа” гэв. 

     Г.Түмэнбаяр: “Уг хөтөлбөрт зохих журмын дагуу мэргэжлийн шалгалт өгөөд тэнцсэн. Токиогийн Хөдөө аж ахуйн технологийн их сургуульд докторын зэргээр суралцах болсондоо баяртай байна. Миний хувьд ойн байгаль, экологийн сэдвийн хүрээнд Монголд зонхилон ургадаг шинэс модны өмхрөлийн зэргийг тогтоож, түүнээс сэргийлэх арга замыг эрэлхийлж, хэрхэн буруулах вэ гэдгийг судлах гол зорилготой. Суралцаж ирээд энэ чиглэлээрээ цаашид ажиллана” гэлээ. 

    Батламж гардуулах ёслолын ажиллагаанд Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюки, ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, ШУТИС болон Боловсролын Зээлийн Сангийн удирдлага, эцэг эхийн төлөөлөл зэрэг хүмүүс оролцож, оюутнуудын цаашдын сурлага хөдөлмөрт амжилт хүслээ. 

 Ташрамд дурдахад төслийн Коосэний дөрөв, бакалаврын хөтөлбөрийн тав дахь үеийн 105 оюутан энэ сарын 26-наас 29-ний хооронд эх орондоо ирж байгаа юм. 

 

 

Бэлтгэсэн: Б.Азжаргал