УИХ-д Энхболдоор ахлуулсан УИХ-ын гишүүдийн боловсруулсан хуульд Засгийн газраас 30 гаруй санал өгчээ.
Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө. Тухайлбал Монгол Улс 21 дүгээр зууны улс төрийн намыг төлөвшүүлэх, ёс суратхуунтай улстөрчдийг бэлтгэх, УИХ-д оруулах зарчмыг баримтлан ажиллаж байгаа. Хуулийн төсөлд жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс парламентын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэй, аль нэг хүйсийн төлөөлөл байхаар оруулж ирсэн. Хоёрдугаарт, гурван эрэгтэй нэг эмэгтэй гэсэн эрэмбээр жагсаалтыг эрэмбэлэх санал оруулж ирсэн. Засгийн газрын зүгээс санал оруулаад парламентад эмэгтэйчүүдийн оролцоог тэгш болгоё, ялангуяа жагсаалт буюу 38 нь пропорциональ, 38 нь мажоритараар орж ирж байгаа бол 38 пропорциональ жагсаалтад хүйсийн харьцааг нэг нэг болгох санал өгсөн гэв. Жагсаалт гарахдаа эр, эм, эр эм… гэсэн байдлаар оруулахаар тусгасан.Үүний үр дүнд эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд хангах нь зүйтэй гэж үзсэн. Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оруулснаараа эдэлдэг олон улсын давуу талыг Монгол Улс эдлье гэж байгаа юм. Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог таван хувиар нэмэгдүүлэхэд гэмт хэргийн гаралт тав дахин буурдаг. Цаашлаад авлига, ашиг сонирхлыг зөрчлөөс ангид байх соёл, ухамсар, түгэн дэлгэрэх боломж бүрддэг. Цаашлаад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр олон жил яригдсан үр дүнд хүрдэггүй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд бодиттой үр дүн гарах боломж бүрдэнэ.