МАН-ын хувьд шийдвэл боломж нь байна. УИХ-д хэт олонхийг бүрдүүлсэн тус нам эрх зүйн орчныг сайжруулж, илүү ирээдүйгээ харсан шийдвэр гаргах боломжтой. Гэвч өнөөдрийн өөх чухал гэсэн ухагдахуунаар улс төр хийж байна. Тухайлбал нийгэмд жаахан эсэргүүцэл гарах л юм бол шийдвэрээсээ эргэж буцах нь энүүхэнд.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэдэн сар жилээр хэлэлцсэн. Харин эцсийн мөчид айсандаа арагшаа суув. Тэд сонгуулийн тогтолцоог сайжруулж, парламентийн дархлааг хамгаалах гэсэн алхамдаа үнэнч байж чадсангүй. Иргэд эсэргүүцнэ гэх шалтгаанаар арагшаа суулаа.
Масс юу гэх нь чухал уу? эсвэл маргаашийн Монгол Улсын хувь заяа чухал уу? гэдгийг тунгаан бодсонгүй. Харин одоо бйгаа нөхцөлдөө тааруулж, түр бодлогыг хэрэгжүүлэх нь ээ.
Энэ нь сонгуулийн тухай хуулийг өөрчлөх замаар холимог тогтолцоог оруулж ирнэ. Ингэхдээ 38 нь тойргоос 28 нь жагсаалтаар гарч ирнэ гэнэ.
Холимог тогтолцоо бол зөв.Харин давжаа байгаа парламентаа томруулах нь орхигдчихлоо. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад 76 гишүүнээ нэмж хэд болгох нь хамаагүй. Гагцхүү ядаж л 100 гишүүнтэй болох ёстой. Зардал өснө гэх ухагдахуунаар айлгаад байна. Зардал өсөхгүй ээ. Парламентийн гишүүн бол дарга биш гэдэг ухагдахууныг суулгаад, зохицуулаад өгчихвөл 100 гишүүнтэй боллоо гээд зардал өсөхгүй. Энэ ажлаа хийчих зориггүй МАН 2024 онд бүдэрч унаад цөөнх болсон хойноо амаа барих вий дээ.