Сургууль, цэцэрлэгийн засвар оройтох нь хүүхэд хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлдэг
Сургууль, цэцэрлэг жил бүр урсгал болон их засвар хийдэг. Зуны дэлгэр цаг өнгөрч, 8 сар гарахтай зэрэгцэн ихэнх сургуулийн засвар эхэлдэг билээ. Зарим нь 9 сарын 1 гэхэд засвар нь дуусдаггүй. Хүүхэд хичээлдээ орох ёстой өдрөө засвар дуусаагүйн улмаас орж чадсангүй гэж бид шүүмжилдэг. Гэтэл үүний цаана хүүхдийн эрүүл мэндийн асуудал орхигдож байна.
Хүний эх эмч, агаар, орчны бохирдлын судлаач Д.Дэлгэрзулын хэлж буйгаар бол сургууль, цэцэрлэгийн засварыг хэт оройтуулж хийдгээс үүдэн хүүхдийн хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгааг анхаарууллаа. 10 гаруй жилийн судалгаанд үндэслэн энэхүү анхааруулга, дүгнэлтийг эмч, мэргэжилтнүүд гаргасан тухай тэрбээр өгүүлсэн юм.
Сургууль, цэцэрлэгийн тендрийг зарлах гэж цаг хугацаа алдсаар байгаад долоо, найман сард засвар оруулдаг. Гэтэл засварын дараах агаарын бохирдол арилж амжаагүй байхад хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ ирж, танхимд суун хичээллэж байна. Үүний хамгийн том уршиг нь хүүхдийн өвчлөл.
Тухайлбал астма өвчтэй хүүхдийн тоо жилээс жилд өсөж буй. Үүний үндсэн шалтгааны нэг нь сургууль, цэцэрлэгийн танхим доторхи агаарын бохирдол гэнэ. Учир нь засвар хийсэн танхимын агаарт химийн найрлагатай будаг, барилгын материалын хор шингэсэн байдаг. Дор хаяж 45 хоногийн дараа энэхүү хор арилдаг байна. Гэтэл үүнийг тооцохгүйгээр засвар хийдгийн улмаас асууал үүсэж буй юм.
Иймд 2023 онд сургууль, цэцэрлэгийн засварыг 5 сарын сүүлээр эхлүүлж 7 сарын дунд гэхэд дуусгахад анхаарах шаардлагатай талаар эмч нар зөвлөв. Тэд холбогдох хүмүүс энэ анхааруулгаа өгнө гэдгээ мэдэгдлээ.