Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: 2023 онд төв банк 20-22 тонн алт худалдан авах хүлээлттэй байна. 2023 оны гуравдугаар сарын 26-ний байдлаар 2 тонн алт худалдан авсан. 2022 оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт. 2021 оны мөн үед 3,22 тонн алт, 2022 оны мөн үед 2,8 тонн алт тус, тус төв банк худалдан авсан байдаг.
Гэхдээ 2023 оны жилийн гүйцэтгэлээр төв банк 22-23 тонн алт худалдан авах болов уу гэсэн хүлээлттэй байгаа.
Covid-19 цар тахлын хуулиар төв банк алтны компаниудад санхүүжилт олгоод явж байсан, энэ хүрээнд өнгөрсөн жилүүдэд алт худалдан авалт харьцангуй өндөр дүнтэй байсан. Энэ хөтөлбөрт нийтдээ 505 тэрбум төгрөгийн санхүүжилтийг аж ахуй нэгжүүдэд урт хугацаатай болон богино хугацаатай олгосон. Хуулийн хэрэгжилт өнгөрсөн оны сүүлээр дуусанаар хөтөлбөрийн хэрэгжилт ч дууссан.
Бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлах хүрээнд төв банкны зүгээс алтыг худалдан авахдаа Лондонгийн металлын биржийн үнээс 5 хувиас илүү үнээр алт худалдан авсан. Энэ хүрээнд 133 орчим тэрбум төгрөгийг 5 хувийн илүү төлөлтөд зарцуулсан. Эргээд алтны секторын бизнесийн үйл ажиллагааг дэмжих хөшүүрэг болсон.
“Оюутолгой” компанийн хувьд төв банкны валют арилжаанд оролцоод валют нийлүүлдэг. 2021 онд 873 сая ам доллар, 2022 онд 1.3 тэрбум ам.доллар, 2023 онд одоогоор 443 сая ам.доллар нийлүүлээд явж байна.
Оюутолгойн баяжмал нь хүдэр хэлбэрээр алттай хамт хилээр гарч байгаа. Стандартчилал хэмжил зүйн Улсын сорьцын хяналтын алба бүртгэлжүүлээд, сорьцыг нь тогтоогоод хилээр гаргадаг гэж ойлгож байгаа.
Төв банк “Оюутолгой” компанийг алтаа тушааж байх яриа хэлэлцээг 2009 оноос эхлээд хийж ирсэн. Тогтвортой байдлын гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд зохицуулагдаад явж байгаа гэж тайлбарладаг.