Засгийн газраас хэрэгжүүлж буй Хот хөдөөгийн сэргэлт, боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомт болон Цагаан хад суурьшлын бүсийн иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулж байна.
Нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Цагаан хад суурьшлийн бүсэд болж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж болон бусад албаны хүмүүс оролцлоо.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомт сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа хэлэхдээ: Гашуунсухайт боомт бол Монгол Улсын нүүрс тээврийн 70 гаруй хувийг дангаараа хариуцдаг чухал бүс нутаг. Энд ажиллаж амьдарч байгаа 20 гаруй мянган иргэдэд төрийн үйлчилгээ, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ хүрдэггүй байсан талаар иргэд ярьж байсан. Ковидын цар тахлаас үүдэн эдийн засгийн байдал тогтворгүй болж, ханшийн савлагаа үүссэн энэ цаг үед иргэдэд хамгийн түрүүнд боомтын хөгжлийн асуудал нэн чухал юм. Энэ бүсэд төрийн нэг цэгийн үйлчилгээний нээлтийн үйл ажиллагаатай хамтатган Гашуунсухайт боомтын барилгын өргөтгөлийн ажлын нээлтийг хийж байна. Ингэснээр энд ажиллаж, амьдарч байгаа алба хаагч, үйлчлүүлж буй иргэдийн ажиллах орчин нөхцөл сайжирч, тусламж үйлчилгээ хүртээмжтэй, чанартай хүрэх болно гэж үзэж байна. Түүнчлэн энэ бүсэд 21 аймаг, 9 дүүргийн 22 мянга гаруй иргэ төвлөрөн ажиллаж амьдардаг. Тиймээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа тул Эрүүл мэндийн нэг төв нэмж барих ажлыг судлаад явж байгаа. Төрийн үйлчилгээ Монгол Улсын зах хязгаар бүс нутгуудад ч эрх тэгш хүрэх ёстой хэмээн онцоллоо.
Цагаан хад суурьшлын бүсэд нээж байгаа нэг цэгийн үйлчилгээний нээлтийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Авто тээврийн төв, ХХҮГ зэрэг төрийн байгууллагууд хүрэлцэн очиж иргэдэд үйлчилгээ үзүүллээ.
Ийнхүү иргэдэд e-mongolia системээр дамжуулан төрийн үйлчилгээний олон шатлалт үйлчилгээг цаг алдалгүй авах бөгөөд 39 байгууллагын нийт 440 төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжоор хангагдаж байгаа юм.
Өмнөговь аймаг дахь ТЦҮХ-ийн дарга Ц.Нансалмаа:
-Цагаан хад суурьшлийн бүсэд ажиллаж, амьдарч байгаа 22 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн хүргэхээр ажиллаж байна. Манай төрийн нэдсэн цахим үйлчилгээний хэлтэс нь энэ бүсэд 94 төрлийн лавлагаа тодорхойлолт, 55 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 291 төрлийн олон шатлалт үйлчилгээ гээд нийт 39 байгууллагын 440 үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд хүргэх юм. Энэ нь цаг үеэ олсон иргэдэд хүрч байгаа үр өгөөжтэй ажил гэж харж байна.
Ханбогд сумын Хайрхан багийн иргэн Б.Мөнгөнтуул:
-Цагаан хад суурьшлын бүс нь төрийн үйлчилгээнээс хол, мэдээлэл хомс байдаг байлаа. Харин ийнхүү төрийн цахим үйлчилгээний газар нээлтээ хийж байгаа нь тун талархалтай. Миний хувьд бүх л салбараас нь үйлчилгээ авлаа. Хамгийн багадаа 10 гаруй километр газар явж асуудлаа хагас дутуу л шийддэг байлаа. Өнөөдөр сэтгэл их өндөр байна. Энэ бүсэд 20 гаруй мянган жолооч, байнгын болон явуулын иргэд гээд маш олон хүн амьдардаг. Ялангуяа ковидын үед бидэнд үнэхээр хэцүү байсан. Бүх үйлчилгээнээс тасарсан гэж хэлж болно.
Ханбогд сумын Хайрхан багийн иргэн Д.Мягмар:
-Ард иргэд бидэнд тун хэрэгцээтэй үйлчилгээ байна. Заримдаа аймаг орох, Цогтцэций орох ажил гардаг. Би сая машин оношилгоонд орох болоод аймаг ороод ирлээ. Бид ажил амьдрал гээд их завгүй ажиллаж байдаг. Ийм нөхцөлд амьдарч байгаа ард бидэнд их л цаг хугацаа хэмнэсэн үр өгөөжтэй ажил болж байна.
Ханбогд сумын Хайрхан багийн иргэн Ц.Цогтбаатар:
-Би Цагаан хаданд жолоочоор ажилладаг. Урьд нь төрийн үйлчилгээ авахад тун хэцүү байдаг байлаа. Төв суурин газрыг зорьж цаг хугацаа, зардал чирэгдэл болоод их цаг алддаг. Энэ үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээр үр дүн ихтэй байх болно. Би сая татварын хэлтсээс үйлчилгээ авлаа. Маш амар хялбар, хурдан шуурхай үйлчиллээ. Цаашдаа энэ үйлчилгээ нь байнга тогтмол ажиллавал сайн байна. Зав зай муутай жолооч бидэнд их хэрэгтэй байдаг.