Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дарга З.Цогтгэрэл өнөө өглөө 9 цагаас эхлэн Сүхбаатарын талбай дээр суулт зарлалаа. Тэрбээр “Цалин хөлсөө нэмэгдүүлье, хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгааг таслан зогсооё” гэсэн гол хоёр асуудлаар ийнхүү үзэл бодлоо илэрхийлэв.
Тэрээр хэлэхдээ: “Монгол улсын тэргүүлэх салбар болох боловсролын салбарт тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт шаардлагыг Засгийн газар болон БШУЯ-нд хүргээд өнөөдрийг хүртэл тодорхой дорвитой хариу шийд гарсангүй. Нэгд, цалин хөлсийг 30-50 хувь нэмэгдүүлэхээр хэлэлцээр хийсэн ч өнөөдрийн байдлаар энэ заалт биелэгдээгүй байна. Засгийн газраас гаргаж байгаа тогтоол шийдвэр нь дандаа хүнээ алагчилсан, ялгаварлан гадуурхсан зүйл заалтуудтай. Улсад 25-аас дээш ажиллаж байгаа хүмүүс ямар ч нэмэгдэл авахгүй байна. Хоёрдугаарт, боловсролын салбар хүний нөөцийн дутагдалд орчихсон. Хоёроос гурван хүний ажил хийж байж нэг хүний цалин авч байна. Энэ салбарт ажиллагсад хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна. Сургуулийн анги танхим 30 хүүхдийн багтаамжтай байхаар баригдсан. Гэтэл тэнд 45-60 хүүхэд сулгачхаад нэг багшид ачаалал өгч байна. Иймд ажилласаар, ядарсаар, цөхөрсөөр байгаа хүмүүсийн өмнөөс дуу хоолойгоо илэрхийлж байна. Холбооны гишүүд бидэнд их хандаж байна. Ажил хаях, жагсаал цуглаан хийхээ ч илэрхийлээд байгаа” гэлээ.
Бэлтгэсэн: Б.Азжаргал