“Лайвчин” гэгдэх иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөө өглөө 10 цагт эхэлсэн. Шүүх хурлын өмнө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн гадна түүнийг дэмжигч иргэдийн төлөөлөл болон Ардчилсан намын гишүүд ирж үзэл бодлоо илэрхийллээ. Тэд иргэн Д.Мөнх-Эрдэнийг суллахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна.
Тодруулбал, Монгол улсын Үндсэн хуулийн дагуу үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлснийх нь төлөө яллаж, улстөрийн зорилготойгоор хэлмэгдүүлж байна гэж үзэж буйгаа хэлж байлаа.
М.Тулгат: Энэ Монгол орон хэдхэн дарга нарын дарангуйллын, шоронжсон орон болох ийм л алсын хараа 2050 надад харагдаж байна. Үүний эхлэл өнөөдөр энд явагдаж байна. Өчигдөр Д.Монголхүүг хорьсон, өнөөдөр Д.Мөнх-Эрдэнийг хорих гэж байна. Д.Мөнх-Эрдэнэ дээр таван хэрэг үүсгэсэн. Энэ одоо юу гэсэн үг вэ? Аль нэгээр нь заавал яаж ийж байгаад шоронд хийнэ л гэсэн үг байна шүү дээ. Ийм нийгэм байж болох уу?
Нээлттэй шүүх хуралд оролцох хүсэлтээ урьдчилан гаргасан иргэд болон зарим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг дотогш нэвтрүүлсэн юм.