Стефани Мои хэмээх энэ охин Жорж Мейсоны нэрэмжит их сургуулийн хамгийн залуу төгсөгч ажээ. Тэрбээр 17 насандаа тус сургуулийг математикийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан нэгэн. Харин одоо тэр докторын диссертаци дээр ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.
Стефани охин дунд сургуулийн нэгдүгээр ангид байхдаа л математикийн хичээлийг сонирхон судлах болжээ. Үүний зэрэгцээ тэр эцгийнхээ хамт геометрийн хичээлийг судалж эхэлсэн гэнэ. Тэр дөрөвдүгээр анги төгсөхдөө дунд сургуулийн математикийн хичээлийн бүх хөтөлбөрийг судалж дуусгав. Ингээд тавдугаар ангиа төгсмөгцөө орон нутгийн коллежид элссэн. Улмаар 13 насандаа тэрбээр бакалаврын зэрэг хамгаалав. Үүний дараагаар Стефани охин магистрын ангид элсэн оржээ. Тэрбээр дунд сургуулиа төгсөхийн хажуугаар магистрын дипломын ажлаа хамгаалсан юм байна.
Хэдийгээр Стефани охин математикийн салбарт залуу эрдэмтэн болж тодорч байгаа ч тэр түүх, англи хэл зэргийг хичээлийг судлах нь хэцүү байдаг тухайгаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Үүнээс гадна, тэрбээр би бол гений мундаг хүүхэд биш. Би зүгээр маш их ажилладаг. Алдаанаасаа айдаггүй, түүн дээрээ суралцаж, цааш тэмүүлдэг хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Бэлтгэсэн: Э.ЦЭЦЭГ
эх сурвалж: news.mn