Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцууллаа.
Хориглолт тогтоохоор төлөвлөж байгаа Налайх дүүрэгт 104 өрх 2500 толгой малтай. Багахангай дүүрэгт мал малладаг 102 өрх байдаг. Жилийн эцсээр 26 мянга гаруй мал тоологджээ. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг дүүргийн төвөөр тогтоохоор төлөвлөсөн байна.
Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор НИТХ-ын 2019 оны тогтоолоор Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх буюу хориглох бүсийн хил хязгаарыг шинэчлэн баталсан. Уг тогтоолд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулсан байдаг. Харин Багануур, Багахангай, Налайх дүүрэг хамаардаггүй байсан аж.
Суурьшлын бүсэд мал малладаг иргэд малаа хариулгагүй явуулснаас болж тохижилт, ногоон байгууламж, хөрөнгө оруулалтаар хийсэн ажлуудыг эвдэн сүйтгэх мал, амьтны гоц халдварт өвчин гарах эрсдэлийг бий болгож байна. Иймээс алслагдсан гурван дүүргийн Засаг дарга, Тамгын газраас мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг батлах хүсэлт ирүүлснийг Засаг даргын Зөвлөлийн хуралдан хэлэлцлээ.
Хурлаар зөвлөлийн гишүүдийн саналыг тусган НИТХ-д өргөн барихаар боллоо.
Эх сурвалж: НЗДТГ
Бэлтгэсэн: И.Энх-Амгалан