Үндэсний эв нэгдэл, монгол өв, соёлыг сурталчилсан олон талт ажил зохион байгуулах, хүмүүнлэг, оюунлаг хотын иргэдийг бэлтгэх хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулж байна.
Сүхбаатарын талбайд болох “Улаанбаатар хаврын баяр-2023” нэртэй энэхүү өдөрлөгт Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын филармони, Улаанбаатар театр, Монголын үндэсний номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний музей, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Улаанбаатар хотын музей, Сүлд чуулга зэрэг 30 гаруй байгууллага оролцож үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолтыг толилуулна.
Мөн Багахангай, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн соёлын ордон, Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэн уг арга хэмжээнд оролцож, үйл ажиллагааныхаа талаар мэдээллийг хүргэх юм. Тус өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ.
Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Үндэсний номын сан:
-Байгууллагын үйл ажиллагааны танилцуулга, уншигчийн судалгаа
- Уншигчдад үнэмлэх нээх үйлчилгээ
- Ном, хэвлэл сэлбэн засах үйлчилгээ
- "Номын тухай хэн сайн мэдэх вэ" танин мэдэхүйн асуулт хариулт
Үндэсний номын сангаас эрхлэн хэвлүүлсэн ном бүтээлийн худалдаа зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
Бэлтгэсэн: Б.Гэрэлчулуун