"Нуугдмал ертөнц"-ийг тольдохуй

"Нуугдмал ертөнц"-ийг тольдохуй

Өнөөдөр Бльюмон төвийн нэгдүгээр давхарт байрлах Норпей арт галерейд нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энд хэн хүний сонирхон анхаараад байдаггүй, бидний хөл дор нуугдмал оршдог гайхалтай ертөнцийг дэлгэн харуулав. Өвөрмөц тэр ертөнцийг өнгө гэрлээр зураглан, хальснаа буулгаж үзэгч түмэндээ дэлгэсэн “Нуугдмал ертөнц” макро гэрэл зургийн үзэсгэлэн гуравдугаар сарын 31-ний баасан гаргаас гурав хоногийн хугацаатай дэлгэгдэх аж. Гэрэл зурагчин Л.Жаргалсайхан, Н.Батхүрэл, Ц.Өлзий, Д.Лхагвасүрэн нарын хамтарсан анхны “Макро” гэрэл зургийн үзэсгэлэнг олон хүн зорин иржээ. 

Үзэсгэлэнгийн дугуй танхимд хүмүүс нэг зургаас нөгөө рүү, зүүнээс баруун тийш, нааш цааш холхих нь эгээ л шавж шиг бужигнаантай харагдана. Зураг бүрийн өмнө очиж, сонирхож сонжсон нүдээр нэг талаас нөгөө тийш анхааралтай ажна. Зарим нь зурагт нүүрээ тулган шавжийн үс, сахал бүрийг тоолоод байна уу гэлтэй нарийвчлан харж байх юм. Бяцхан жаалууд хуруугаараа заан амандаа бувтнана. Тэдэнд нэн сонирхолтой байгаа нь харцнаас нь илт. Тунгалаг хархан нүдээ томруулж ирээд гайхширан зогсоо тэдний дундаас ирээдүйн судлаач, гэрэл зурагчин төрөхийг хэн байг гэх билээ.

Танхимын гол хэсэгт өндөр босоо өлгөгч тавиурын дотогш харсан хэсэгт гоёмсог эрвээхэйн зургуудыг өлгөжээ. Харин нөгөө талд нь жаазтай олон зүйл эрвээхэй, цохны зохиомжит хатаамлуудыг дэлгэн дэглэсэн нь зураг болоод бодит дүрийг харьцуулан харах боломжийг олгожээ. Энд дэлгэн тавьсан 80 гаруй зурагт манай оронд байх 13 мянган зүйл шавжийн өчүүхэн хэсгийг л харуулсан гээд бод доо. 

"Монгол орны цох", "Цохны овог", "Монгол орны эрвээхэй" гээд судлаач, гэрэл зурагчдын нөр их хөдөлмөрийг шингээсэн ном бүтээлүүдээс ч мөн сонирхуулан тавьжээ.

Энд бүтээлээ дэлгэсэн зурагчдаас хамгийн залуу нь, Биологич, макро гэрэл зурагчин Ц.Өлзий юм. Түүний 25 зураг энд дэлгэгджээ. Бүх л төрлийн шавжийн зургийг авахыг хичээдэг ч тэр дундаас содон нүд, антентайг нь илүү сонирхдог аж. Тэрээр микроскопоор харж байгаа зүйлээ гэрэл зургаар буулгая гэж бодоод экстрим макро зургийг авдаг болжээ. 

ШУА, Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, макро гэрэл зурагчин Ц.Өлзий

Миний хувьд МУИС-ийн Биологийн факультетыг 2009 онд төгссөн, Биологич, шавж судлаач мэргэжилтэй. Багш нараа дагаад хээрийн судалгаа экспедицээр явдаг байхад сайн камер ч байгаагүй болохоор том амьтан, эрвээхэйн зураг авдаг байсан. Биологийн хүрээлэнд шавж судлаачаар ажиллаж, судалж байгаа шавжийнхаа макро зургийг авч эхлээд 5 дахь жилдээ болж байна. Бид хээрээс шавжаа түүж авчраад лабораторид дэлгэж хатаана. Түүний дараа макро гэрэл зургаа авдаг болохоор хугацаа нэлээн орно. Бусад амьтан, байгалийн зураг бол нэг нэг кадраар л авчихдаг. Зарим байгалийн зургийг олон кадраар авдаг л даа. Гэхдээ экстрим макро гэрэл зураг бол 100, 200 кадраар сая нэг бүтэн зураг гардаг. Гадаадын зарим топ ангиллын зурагчид 1000 кадр нийлүүлэх ч тохиолдол байдаг юм билээ. 

Гэрэл зураг сонирхохоор ирсэн үзэгчдийн асуултад хариулж, хэрхэн буулгасан, ямар арга ажиллагаа шаарддаг зэргийг цааргалалгүй тайлбарлан явах нэгэн эрхэм нүднээ тусна. Түүнийг гэрэл зураг сонирхогчид “Шувууны Жаргал” гэлцдэг.

Шувууны болон макро гэрэл зурагчин Л.Жаргалсайхан

Энэ бол манай Буйр нуурт байдаг “Хар мөрний хавч”. Үүнийг нарийн шилэн хоргонд хийж байж зургийг нь дарсан. Байгаль дээрээ бол өнгөгүй, тунгалаг, тэр бүр харагдахгүй. Спиртэд хийчихээр ингэж харагдаж байгаа юм. Усны шавжийн зургийг авах тун хэцүү. Удаан хүлээж, олон удаа оролдож байж л ийм зураг гаргаж авна шүү дээ. 

Төмөр зам болон байгаль, макро гэрэл зураг сонирхогч Н.Батхүрэл

Миний хувьд гэрэл зургийг 2006 оноос тууштай сонирхон авч байна. Үзэсгэлэн үзсэн хүмүүс маань өнөөдрөөс эхлээд хөдөө явахад биднийг ямар гоё байгаль угтдаг, шавжийн ертөнц ямар сонин юм бэ гэдгийг ажигладаг болох байх. Шавж байгальд ямар эерэг, сөрөг нөлөөтэй, ямар үүрэгтэй вэ гэдгийг ч бас анзаардаг болох байх гэж бодож байна. Энэ л үзэсгэлэнгийн гол зорилго доо. 

 

“Монголын халдваргүйтэл, ахуйн шавж мэрэгчтэй тэмцэх холбоо”-ны Удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэмбилэг

Ийм үзэсгэлэн ер нь тэр бүр гарч байгаагүй байх. Гэрэл зурагчин Г.Жаргалсайхан ах авсан зургаа байнга фейсбүүктээ оруулдаг. Би түүний фейсбүүкийн найз, шүтэн бишрэгч нь л дээ. Шавж судалдаг хүний хувьд ч надад үнэхээр гоё санагдаж байна. Ер нь аливаа бодгаль байх газраа, тодорхой хэмжээндээ байх нь зөв гэж боддог. Хэрэггүй шавж гэж байхгүй. Бид хортон шавж гээд бүгдийг устгана гэдэг боломжгүй зүйл. Биологийн тэнцвэр алдагдана шүү дээ. Хүмүүс бид үүнийг тэнцвэржүүлээд ямар шавж юунд хэрэгтэй вэ гэдгээ маш сайн судлах, танин мэдэх хэрэгтэй.

 

“Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн зөвлөх О.Батсайхан

Энэ үзэсгэлэнгийн хувьд нэгд, хүн болгоны сонирхоод байдаггүй, анзаардаггүй, мэддэггүй сэдвийг гаргаж ирсэн нь сонирхолтой байна. Хоёрт, “Макро” гэрэл зураг нь их ажиллагаатай, хүч хөдөлмөр шингээсэн төрөл юм гэдгийг сая сонсож мэдлээ. Ялангуяа хүүхэд багачуудад үзүүштэй, шинэ ертөнцийг нээх, гоо зүйн мэдрэмжийг өгөх, байгаль орчноо хамгаалах, танин мэдэхүйн гэх мэт олон ач холбогдолтой гэж харж байна. 

Манай маркны газар энэ 99 жилийн хугацаанд 1000 гаруй сэдвээр 4000 гаруй нэрийн марк гаргасны дотор мөн цох, шавжны марк бий. Үзэсгэлэн гаргасан гэрэл зурагчдадаа 1972 онд гарч байсан шавжийн маркийн дээжээс  гардууллаа. Марк, макро зураг аль аль нь сэдвээ сонгоод, зургаа олох, жижиг орон зайд бүх агуулга, юм аа багтаадаг гээд нарийн чимхлүүр ажиллагаатайгаараа адил төстэй юм.  

Төгсгөлд нь макро гэрэл зураг сонирхож байгаа уншигчдадаа хандаж Биологич, макро гэрэл зурагчин Ц.Өлзийн зөвлөгөөг хүргэе. 

-Хөдөө явж байхдаа байгалийг сайн ажиж, макро гэрэл зураг авахыг оролдоод үзээрэй. 

-Юун түрүүнд үнэтэй камер бүү ав. Би юуны зураг авах вэ гэдгээ эхлээд тодорхойлсны дараагаар түүндээ таарсан аппаратаа сонгоорой. Сайн суралцсаны дараагаа үнэтэй камер авахыг зөвлөе. 

-Багахан хэмжээний чичиргээг мэдэрдэг учраас төмөр хөл дээр аль болох хөдөлгөөнгүй, хөдлөхгүй, шавж руугаа хүчтэй амьсгалахгүй зургаа авч байх хэрэгтэй. 

-Хөдөлгөөнтэй, байгаль дээр нь шууд авах тохиолдол байна. Энэ нь close up-macro зургийн төрөлд ордог. Аль болох салхигүй тогтуун өдөр авахад тохиромжтой. 

 

Зарим хүний хувьд жийрхэн харж, жишим ч үгүй гишгэлж орхидог шавжийн ертөнц гэдэг гайхалтай. Айж үргэдэг, аягүйцэн санадаг тэр бяцхан бодгалийг харах, судлах тусам “хайр татам” юм.


Бэлтгэсэн: Б.Азжаргал