Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай. Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй соёл, урлагийн салбараас оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2022” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт боллоо.
Театрын гол хаалгаар орохоос эхлээд хуучны модон шалыг өвч хулдан улаан хивс дэвсчээ. Гүн ногоон суурин дээр алтлаг өнгөөр “Мөнгөн мод” хэмээн бичсэн хэвлэл бүхий том хана босгож үүдний хэсгийг хоёр хэсэгт хуваан зассан харагдана. Хананы нөгөө талд наадмыг орон даяар шууд дамжуулж буй МҮОНТ-ийн хөтлөгчид ирсэн зочидтой яриа дэлгэн амжилт хүснэ.
Үзвэрийн танхимын хоёр талын хаалга руу чиглэсэн замын голд өндөрлөж зассан хэсэгт шилдгүүдэд гардуулах “Мөнгөн мод” цомыг жигд хэм, цэгцтэй эгнүүлэн тавьсан нь дээрээс тусах тод гэрэлд үе үе гялтганан харагдана. Хажуугаар зөрөх хүмүүсийн хэсэг нь сонирхон харж өнгөрөх бол, зарим нь өмнө нь зогсоод инээмсэглэн “өөрөг”-дөнө. "Мөнгөн мод-2022" наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг тодруулах бол шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач гэсэн 12 төрлөөр шалгаруулж, цом, мөнгөн шагналаар урамшуулах юм.
Төд удалгүй хүмүүсийн хөл хөдөлгөөн ч ихэслээ. Энд Боролдойн гэгдэх С.Мягмар ноёнтон, “Рок мангас” Р.Мөнхсайхан, “Бумбардай” Н.Эрдэнэбаяр, “Мөнх Тунх”-ын Ц.Бат-Оргил, “Фантастик” продакшны Б.Тамир, УДЭТ-ын жүжигчин Т.Хулан гэхчлэн олондоо танигдсан уран бүтээлчид иржээ. Үүнээс гадна оройн үйл ажиллагааг сурвалжлахаар хэвлэлийнхэн, гэрэл зурагчид ирээд тус тусын ажлыг хийцгээнэ. “Мөнгөн мод-2022” наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 82, шилдэг уран бүтээлийн төрөлд 95, нийт 177 уран бүтээлч өнгөрсөн онд бүтээн туурвиж, нийтийн хүртээл болгосон бүтээлээрээ өрсөлдөж байна.
Арга хэмжээ улаан хивсний ёслолоор эхэллээ. Шилдгээр нэрлэгдэн нэр дэвшсэн уран бүтээлчид болон уригдсан эрхэм зочид улаан хивсээр алхан хүндэтгэлийн танхимд орж, суудлаа эзэлцгээв. Хонх дуугарч 14 дэх удаагийн “Мөнгөн мод-2022” хүндэтгэлийн арга хэмжээ ёслол төгөлдөр эхлэв. Төрийн дуулал эгшиглэн танхим дүүрэн үзэгчид суудлаасаа босон хүндэтгэлтэйгээр дуулцгаах нь бахдалтай.
Наадмын түрүүнд “Шилдэг судлаач” номинацийн эзнээр судлаач Б.Баатархүү салхи хагалан тодорлоо. Тэрээр соёлын биет бус өвийн судалгаагаар дагнан хориод жил ажиллаж буй юм. “Мөнгөн мод” наадмын хувьд урьд өмнө соёл урлагийн бүтээл, хүмүүст шагнал гардуулдаг байснаа сүүлийн жилүүдэд судлаач гэсэн номинацийг нэмж, шагнах болсон юм.
СУИС-ийн Соёл Урлаг Судлалын Хүрээлэнгийн доктор, Дэд профессор Б.Баатархүү: “Соёл урлаг судлалын салбар түүх, хэл шинжлэл зэргийг бодвол сүүлд гарч ирсэн харьцангуй залуу салбар л даа. Нийгэм хүмүүнлэгийн ухааны олон уулзвар дээр байдаг. Монголд харьцангуй залуу, судлаачдаа хүлээж байгаа эрэлттэй салбар юм. Бүтээл туурвил, соёлын өвийг хадгалах хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлсэн ийм ажлуудаар нэр дэвшиж нэр хүндтэй шагнал авсандаа баяртай байна” гэлээ.
Салбар бүрийн хүндтэй эрхмүүд тайзнаа морилж, шагналтны дугтуйг нээн шилдгийн нэрсийг зарлана. Номинаци хооронд Монголын урлаг соёлын сор бүтээлүүд тайзнаа тоглогдон үзэгчдийг хором ч уйдаахгүй үргэлжилсээр л. “Шилдэг хөгжимчин” төрөлд Энхтөрийн Цэндсүрэн, “Шилдэг бүжигчин” номинацид залуухан балетчин Өлзийжаргалын Мөнхжин тодорлоо. Өв тэгш бие хаа, бахдам амжилтууд гаргасаар буй түүнийг “шүтэн бишрэгчид” өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Гялалзсан залуу хархүү тун ч даруухнаар шагналаа гардан тайзнаас буув. Харин “Шилдэг дуучин” номинацийн эзнээр Түмэндэмбэрэлийн Баатархүү тодорсон юм. Түүнийг The Baatar нэрээр нь залуус илүүтэй мэднэ.
Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол дуучин Т.Баатархүү: “УДБЭТ дуучин С.Бат-Эрдэнэ ахтайгаа цуг нэр дэвшээд шагнал авлаа. Сая Жанцанноров гуай “Мундаг дуурийн дуучныг ялаад гараад ирлээ” гээд хэллээ шүү дээ. Би маш их баяртай байна. Би зөвхөн дуулсан төдий. “Монгол кантри мюзик” гэж энэ шинэ төрлийг Монгол улсын баатар Э.Бат-Үүл анх санаачилсан. “Нью Номадс” рекордсын энэ төсөлд Хөгжмийн продюсероор Д.Мөнхболд ажиллаж, Б.Батцэнгэл буюу Quiza бүх шүлгийг зохион шинэ уран бүтээлүүдийг гаргасан. Энэ бол миний дуулсан гэхээсээ илүү эдгээр хүмүүсийн туурвисан бүтээл юм. Миний хувьд 70 гаруй жилийн түүх, урын сантай МҮУИТ гэсэн том байгууллагад харьяалагддаг. Байгууллагаас маань намайг энэхүү наадамд нэр дэвшүүлсэн.” гэв.
Наадам дуу хуур, бүжиг наадаантайгаар цааш үргэлжилж,
-Шилдэг хөгжмийн зохиолч - Хишигтогтохын Алтангэрэл
-Шилдэг зохиолч - Цолмонжаргалын Бат-Оргил
-Шилдэг бүжиг дэглээч - Ёндоны Дамчаабадгар
-Шилдэг зураач - Энхболдын Эрдэнэболд
-Шилдэг удирдаач - Дэлгэрсайханы Түвшинсайхан
-Шилдэг продюсер - Мягмарын Есөнмөнх
-Шилдэг жүжигчин - Ойдовжамцын Энхтуул
-Шилдэг найруулагч - Энхбатын Ёндоншарав нар “Мөнгөн мод-2022” наадмын цомыг атгацгаалаа. Ёслолын ажиллагааны эхний хэсэг энд хүрээд өндөрлөж, хэсэг завсарлав.
Орхон аймаг, Эрдэнэт хотын Хүүхэд Залуучуудын Театрын жүжигчин Ч.Уранбилэг: “Эрдэнэт хотынхоо театрын хамт олны өмнөөс, уран бүтээлчдийнхээ өмнөөс “Мөнгөн мод-2022” наадамд ирж оролцож байгаадаа баяртай байна. Миний хувьд “Шилдэг жүжигчин” төрөлд нэр дэвшээд ганцаараа ирсэн. Энэ удаагийн наадамд 2022 онд манай Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тавигдсан “Тангарагт хаан” хүүхдийн драмын жүжиг, “Асаж буй толгод” багт хүүхдийн жүжиг, “Дөдө” хүүхдийн театрын моно жүжиг, “Чамтай учирсан зул сар” хоёр хүний жүжгийн төрлөөр оролцсон. Энэ сайхан наадам, хүндтэй хүмүүсийн дунд ирсэндээ маш их баяртай байна. Эрдэнэт хотынхоо хүүхэд багачууд, нийт үзэгчдийнхээ өмнөөс энд ирсэн гэж бодож байгаа. Монгол орон гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж байгаа мянга мянган хүүхдийн нүднээс гунигийн нулимс хэзээ ч бүү урсаасай. Дандаа аз жаргалтай, баяр баясгалантай байгаасай гэдэг үүднээс хүүхдийн жүжигтээ дүрээ сайн гаргахыг хичээдэг дээ”
“Мөнгөн мод-2022” наадмын хоёрдугаар хэсгийг МУГЗ, УДЭТ жүжигчин Б.Отгонбат, МҮОНТ-ийн хөтлөгч Н.Ундрал нар үзэгчдийн дундаас эхлүүллээ. Ингээд дараагий цомын эзэд тодорсон юм.
“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөллийн арга хэмжээний тухайд аяны хүрээнд зар сурталчилгааны 80 орчим бүтээл, тэр дундаа 50 орчим видео контент хийжээ. Мөн 90 орчим зурагт хуудас, материалыг бэлтгэн иргэд олон нийтэд түгээсэн байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат: “Энэ аяны хүрээнд бүхий л сургуульд хүргэх ажлын ЦЕГ-аас зохион байгуулсан. Давхардсан тоогоор 45.2 сая хүнд хүрсэн гэдэг судалгаа гарсан. Мөн амь болон, эд материалын хохиролтой, хүүхэд гэмтсэн зам тээврийн осол хэрэг 6-18 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна. Зар сурталчилгаагаар дамжуулан иргэдийн ухамсарт нөлөөлөх арга хэмжээг зохион байгуулснаар эрдэнэт хүний амь нас хохирохгүй байх, учирч байгаа хохирол буурах чиглэлд нэлээн үр дүнтэй байгаад, өнөөдрийн арга хэмжээнд шалгарсандаа баяр талархалтай байна” гэлээ.
“Экстрим эссенс” ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч В.Энхмаа: “Хотын А зэрэглэлийн бүсэд жуулчдад үйлчлэх зорилготойгоор Монголын үндэсний хэв шинжийг орчин үеийн модерн классик дизайнтай хослуулсан интерьер бүхий лоунж нээгдэх гэж байна. Хархорин сүмийн эртний хэв шинжийг алдагдуулахгүйгээр утга агуулга нь оршиж, артист, уран барималч, дархан дизайнеруудын ур ухаан шингэсэн хамтын бүтээл болсноороо онцлог давуу талтай. Төсөл маань 75 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Тун удахгүй дуусахаар нь та бүгд харах байх аа”
Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, МУГЖ Г.Эрдэнэбилэг:
Уран бүтээлчдэд үзэгч олноос өгдөг алга ташилт, энэ сайхан цом, урмаас өөр юу хэрэгтэй байх билээ. “Тамгагүй төр” жүжгийн ард зуу гаруй уран бүтээлч ажилласан. Энэ бол зөвхөн эхлэл нь юм аа. Бид Лондонгийн том театрт 11-р сард тоглохоор бүх гэрээ зурагдаад галт тэрэг хөдөлчихсөн. Театрын өлгий нутагт очиж, маш том, дэлхийн тайзнаа гарах нь. Бүх уран бүтээлчид ханцуй шамлан сэтгэл зүрхээ нэгтгэн ажиллаж байна”.
МУСТА, жүжигчин Д.Баттөмөр: “Дөрвөн тивээс найман шагнал авсан “Трио” кино маань өнөөдөр “Мөнгөн мод” авсанд их баяртай байна. Олон улсын “А” зэрэглэлийн наадмаас 46 жилийн дараа шагнал авсан байгаа. Найруулагчийн хувьд ажилласан анхны дебют бүтээл маань ийм амжилттай яваад баяртай байна. Цаашдаа олон түмнийхээ итгэлийг алдахгүй байх тал дээр их бодох хэрэгтэй боллоо”
Ийнхүү Монголын соёл урлагийн салбар шилдэгүүдээ тодруулан, нэгэн оройг хөгжөөн хөөртэйгөөр өнгөрүүллээ. “Мөнгөн мод”-ны төгөлд 24 мод нэрээ мөнхлөн нахиалав. Цомын эзэн болсон шилдгүүдийнхээ цаашдын гэгээн үйлсэд сүүн цагаан ерөөл өргөн дэвшүүлье.