Л.ЖАРГАЛСАЙХАН: Технологи яаж ч хөгжсөн,  бүх тохиргоог чи өөрөө л хийнэ

Л.ЖАРГАЛСАЙХАН: Технологи яаж ч хөгжсөн, бүх тохиргоог чи өөрөө л хийнэ

Гэрэл зурагчид, сонирхогчдын дунд “Шувууны Жаргал” гэдгээрээ танигдсан энэ эрхмийг Л.Жаргалсайхан гэдэг. Дипломатч мэргэжилтэй, уул уурхайн салбарт олон жил ажилласан тэр сүүлийн жилүүдэд амьтдын зураг сонирхон авах болсноор гэрэл зураг руу “урважээ”. Гэрэл зурагчин Л.Жаргалсайхан үйлс, сонирхол нэгт нөхдийн хамт макро гэрэл зургийн “Нуугдмал ертөнц” үзэсгэлэнгээ “Norphei Art Gallery”-д гаргаад байна. Үзэсгэлэнгийнх нь үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та хэзээнээс анх гэрэл зураг сонирхож эхэлсэн бэ?

Би ер нь бага байхаас гэрэл зурагтай ойр байсан. Манай аав, ах нар гээд зураг авдаг сонирхогчид байлаа. Аав маань ФЭД-Зоркий гэдэг камертай, би түүнийг нь шалан дээр түрээд танк болгож тоглоно. Дараа нь арван жилд өөрөө камертай болоод зураг авдаг болсон. Пионеруудын үндэсний хуралд зураг авна гээд л будилуулаад явдаг байлаа шүү дээ. Тэгээд их сургууль, ажил алба гээд зав зай ч үгүй болоод хаягдсан. Сүүлийн хориод жилд уул уурхайн компанид ажиллаж байлаа. Тэгж яваад 2011 оноос шувууны зураг сонирхоод эхэлсэн дээ.

-Шувууны зургийг сонирхон авах шалтгаан тань юу байв?

Уул уурхайн компанид ажиллаж байхад судлаачидтай хамтраад уурхайн байгаль орчны үнэлгээний төлөв байдлын судалгаа хийсэн юм. Тэгэхэд судлаачид маань баахан зураг авлаа. Би ч бас шувууны зураг яаж дардаг юм гээд авснаа үзүүлээд, хамтраад хэвлүүлсэн. Тэр цагаас хойш арав гаруй жил шувууны зураг авч байна. 

-Тэгвэл жигүүртнээс жижиг шавжийн ертөнц рүү яаж татагдсан тань их сонин санагдаж байна?

Таван жилийн өмнө дөө, Биологийн хүрээлэнгийн Ч.Гантигмаа доктор усны цохны 300 зураг авч өгөөч гээд. Ном бүтээл нь хэдийн бэлэн болчихсон хэр нь зураг байдаггүй. Өнөө цохыг нь харсан жаахан шоргоолж шиг юмнууд байна. Өө дийлэхгүй юм байна. Би макро зураг авч чадахгүй, надад 500, 800-гийн урт дурангууд байдаг. Би наадхын чинь арга техникийг ч мэдэхгүй юм байна гэсэн. Тэгсэн, та юу ч гэсэн оролдоод үзээч гээд. Тэгэхээр нь би, оролдъё, амлаж чадахгүй шүү л гэлээ. Тухайн үед макро гэрэл зураг сонирхдог Н.Цолмон гэдэг залуугаас зам гэх мэт зарим хэрэгслийг нь авлаа. Н.Гансүх гээд гэрэл зургийн сайн багш бий, түүгээр эхний тавилтаа хийлгээд авч үзлээ дээ. Өвлийн улиралд шувууд ихэнх нь байхгүй болохоор онцын хийх юмгүй. Тэгээд л 9, 10-р сараас эхлээд хавар 4-р сар хүртэл эхний номын зургийг хоёр жилд авч дуусгасан. Эрвээхэйн хоёр ботийн зургийг гурван жил авсан. Өвөл л голцуу зургаа авдаг юм.

-Шавжийн зураг авах, шувууны зураг авахад адил тал бий юу? 

Шувууны ч тэр, шавж ч тэр номд ордог зураг бол өөрийн гэсэн дүрэмтэй. Дээд болон доод талаас голдуу авна. Эрвээхэйг гэхэд хоёр талаас нь, далавчийг нь заавал дэлгэж байж авдаг. Сууж байхад нь авах юм бол доод талын хоёр далавч нь хумигдчихдаг. Тиймээс дэлгэж хатаагаад урд, ардаас нь хээ хуарыг нь сайн гаргаж авна. Урд, ард тал нь хүртэл өөр болохоор тэр шүү дээ.

-Та голчлон судалгааны чиглэлээр зургуудаа авдаг юм аа даа?

Энэ арваад номд орсон зургууд ихэвчлэн судалгааны зорилгоор авсан зургууд. Шувууны ном ч тэр адил. Яг хажуу талаас нь бүх шинжийг нь харуулж авна. Сүүл нь ийм тийм, хошуу нь, зэтэр нь гээд л. Хажуугаар нь бас өөрөө сонирхож авна аа. Зуслан дээрээ бол хэдгэнцэрийн зураг их буулгасан. Өнөөхөө гэртээ авчраад жаахан бээрүүлж байгаад хөдөлгөөн багатай үед нь зургийг нь дардаг. Их олон зүсэлтээр авна. 

-Олон зүсэлтээр авна гэдэг нь яахыг хэлж байна вэ?

Олон зүсэлт гэж шавжийн хамгийн наад захын мөчний үзүүрээс эхлээд авахыг хэлнэ. Антен нь хоёр тийшээ салчихсан бол эсвэл өргөн байх тусмаа хамгийн олон кадр авна. Энд тавигдсан хар цохны зургийг 100 гаруй кадраар авсан. 

-Авсан зургуудаа ямар хэрэгсэл ашиглаж буулгадаг вэ?

Зургаа автомат зам дээр авна. Түүн дээрээ алхмынхаа хэмжээг заана. 70-150 микрон. Бидний үсний ширхгийн зузаан 70 микрон байдаг. Өчүүхэн жижиг, 1мм-ийг 1000 хуваасны нэг гэсэн үг. Ийм үл мэдэгдэх, хүн анзаарахгүй жижиг алхмаар явахаар олон зүсэлт хийгээд утсаараа удирдаад эхлүүлчхээд гараад хүлээнэ. Тэгэхгүй бол хүн хажууд нь хөдлөхөд л тухайн зураг авч буй зүйл хөдлөөд, хөдөлгөөн орчихоор фокусгүй болчихно. Өнөөхөө дуусахаар фотошопын стекинг гэж аргаар бүгдийг нь нийлүүлнэ. 

-Их л ажиллагаатай юм. Та өдөрт ихдээ хэдэн зураг авч чадаж байна даа?

Яах вэ, би чинь эрвээхэйн хэдэн зуун зураг авлаа шүү дээ. Тэгэхэд өдөртөө 4 зургаас хэтэрдэггүй байсан. Хамгийн гол ажиллагаа нь зураг авахдаа биш, түүний байрлуулах, зүүнд хатгаж тогтоох гэдэгт хамаг цаг явчихдаг. Өндөр нам, хол ойрыг нь тохируулна гээд л. Зураг яваад эхэллээ гэхэд 200-300 секунд болно. Түүнийгээ дараа нь нэгтгэж боловсруулна. Бас л их цаг орно. Сүүлд нь бүх зургаа эвлүүлж гаргаад илүү дутуу толбо, хог, үс зэргийг нь өөрөө гар ажиллагаагаар нөхөж, цэвэрлэдэг. 

-Одоо ч юм хөгжөөд сайхан болжээ. Анх макро гэрэл зураг авч байхад одоогийнх шиг сайн техник, технологи байв уу? 

Технологи яаж ч хөгжсөн гэрэл зургийнхаа гэрэл, өрц, iso, хурдыг чи өөрөө л тааруулахгүй бол зураг авч чадахгүй. Тэр буланд байх жижиг зүйлийг авахад гэрэл чинь таарч байна уу? Өрцөө хэдээр авах юм? 5.6 юм уу, 8 юм уу, Хурдаа хэдээр тохируулах юм. 40 үү, 100 юу? Гэрэл чинь хажуугаас уу, эсвэл дээрээс тусаж байгаа нь зөв үү? гээд л. Энэ бол яах аргагүй хүний мэдрэмж, тэвчээр дээр тулгуурладаг, нарийн мэдрэмж шаардсан ажил.  

-Танд гарын шавь бий юу?

Би учиргүй багш, шавь гэсэн үгэнд дургүй. Шувууны зурагчид гэхэд л хэд ч байгаа юм, тэдний ихэнх нь над дээр ирж, анхны хичээл, ойлголтыг авч байсан. Шавжийнхан ч мөн адил. Би хэн нэгэнд зөвлөгөө өглөө гээд багш болчихсон юм байхгүй. 

-Тэгвэл хэн ч танаас ирээд зөвлөгөө авч болох юм уу ?

Өө, тийм юм зөндөө ш дээ. Шавж, шувуун дээр, хуучин зураг сэргээн засах, фотошопын Lightroom-ийн талаар асууна. Гэрэл зургийн холбооны шугамаар ч тэр сургалтууд ордог. Үгүй яах вэ дээ, онцын хийсэн зүйлгүй тэтгэвэрт сууж байгаа хүн бусдад мэддэгээ хэлээд суух боломжтой л байна. Би хэн ч залгасан дуудлагыг нь авна, ямар ч хүн чат бичсэн хариулдаг. 

-Та тэгэхээр их нээлттэй хүн байх нь ээ?

Тэгэлгүй яах вэ. Хүн нээлттэй байх хэрэгтэй шүү дээ. 

-Шавжуудаас таны сонирхлыг хамгийн их татдаг нь аль вэ?

Миний хамгийн дуртай шавж бол “Үхэр хэдгэнэ”. Бамбайж, хөвсийсөн юм байгаа. Аалз, соно бас их гоё. Соноор гоё юм хиймээр л байгаа юм. Даанч 70-аад зүйлийн соныг бүгдийг нь цуглуулж чадаагүй л байна.

-Та одоо ямар амьтны зургийг авч байна вэ? 

Одоо “Монгол орны загас” гээд ном дээр ажиллаж байгаа. Нийт 76 зүйл загас байгаагаас 60 орчмынх нь л зургийг авлаа. Бусад нь олдохгүй юм. 

-Шавжийг хатаагаад, дэлгээд яаж л бол яаж зургийг нь авчихна. Загасыг харин яах бол?

Өө, тэр их хэцүү юм. Би усанд ороод зураг авна гэж байхгүй шүү дээ. Загасчид урьд орой нь очоод тороо тавина. Маргааш өглөө нь өнөө хайж байгаа зүйлийн ховор загас нь баригдвал авч ирдэг. Дал гаруй зүйлийн ердөө хориодхон нь л хүний нүдэнд ердийн харагдах хэмжээтэй байх жишээний. Бусад нь дандаа жижигхэн. Гаргаж ирээд шилэн хоргонд хийж л зургийг нь авна даа. 

-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Баярлалаа. 



 

 

Ярилцсан: Б.Азжаргал